МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эл хугацаанд тус компани 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн аж. Мөн татвар төлөхөөс өмнөх ашиг нь 6.5 тэрбум төгрөг буюу 51, цэвэр ашиг нь 5.7 тэрбум буюу 54 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн улсын төсөвт 747 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлжээ.
Тус компанийнхан энэ онд “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд өндөглөгч тахианы тав, дэгдээхэйн хоёрдугаар байрны тоног төхөөрөмжийн угсралтын ажил, өндөглөгч тахианы 6-8 дугаар байр, мөн цагт 45 000 ширхэг өндөг дамжуулах хүчин чадалтай өндөг хураах байрны барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнээс тайлант хугацаанд өндөглөгч тахианы тавдугаар байрыг бүрэн ашиглалтад оруулж, 6-8 дугаар болон өндөг хураах байрны барилгын суурийн ажлыг дуусгасан аж. 2023 онд 120 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 46 хувийг нь биелүүлжээ. Тодруулбал, 54 сая ширхэг үйлдвэрлэсэн байна. Мөн шинээр 100 хувийн органик компост шингэн бактерийн бордоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор