Засгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван ээлжээр суралцах эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, улсын хэмжээнд гурван ээлжийн эрсдэлтэй 68 сургуулийн 50 мянган хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 47 сургуулийн 37 мянга гаруй хүүхдийн эрх яригдана. Дээрх асуудлыг үүсгэсэн шалтгааныг салбар яамнаас гурав ангилан авч үзэж байна. Нэгд, жилд дунджаар 79 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид орж байгаа бол 30 гаруй мянган хүүхэд 12-р ангиа төгсөж, 40 мянган хүүхдээр ачаалал нэмэгдэж байна. Хоёрт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт хийгдэж байсан. Ямарч зураггүй, төсөлгүй сургуулийн барилгыг эхлүүлдэг тендерийн хонгил үүссэн байна. Гуравт, хот төлөвлөлийн алдаа дээрх нөхцөл байдлыг дэвэргэжээ. Тодруулбал, ямарч сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 гаруй хороо байна. Тус асуудлыг шийдвэрлэхээр богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
2023 онд багтаж, ашиглалтад оруулах шаардлагатай сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ. Үүнд 74 сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдөнө. Тодруулбал, аравдугаар сарын 1 гэхэд СХД-ийн 12-р сургуулийн эхний цогцолборыг ашиглалтад оруулах чиглэлийг өгчээ. Тус барилга нь гурван жилийн туршид баригдаж байгаа юм. Барилгын ажил дууссан хэрнээ цоожтой байдаг 5, 71-р сургуулийг есдүгээр сарын 1-нд нээнэ. БЗД-ийн 26-р хороонд баригдаж байгаа хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлнэ. Мөн барилгын ажил нь удааширсан 21 сургуулийн асуудлыг эрчимжүүлэхээр болсон байна.
Боловсролын багц хуулийн хүрээнд Төрийн өмчит их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог бий болгоно. Ингэхдээ ШУТИС, ХААИС, МУИС болоод орон нутагт Завхан, Ховд, Дорнодод байгаа ИДС-ийг түшиглэн төрөлжсөн ахлах сургуультай болох юм.
Улсын хэмжээнд 330 суманд 12 жилийн сургууль байгуулахгүйгээр ахлах ангийн сурагч багатай сургуулиудад зохицуулалт хийж, бага дунд сургуулийн статустай болгох, сум дундын сургуулийн зохицуулалтуудыг хийнэ. Боловсролын багц хуульд зааснаар “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг халж, “Мэргэжлийн боловсролын сургууль” статустай болгосон. Тус тогтолцоог төрөлжсөн мэргэжлийн ахлах сургуулиудтай уялдуулж, кредитээ хоорондоо солих нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Мөн дээрх хуулийн дагуу Дээд сургууль гэх статус үгүй болж, коллеж, их сургууль гэсэн агуулгыг барина.
Өнөөдрийн Засгийн газрын хурлаар Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулж, Ерөнхий сайд тэргүүлэхээр боллоо.