Гадаад улсад амьдарч, суралцаж буй болон суралцсан таван оюутны сэтгэгдлийг хүргэж байна. Залууст туршлага болгох үүднээс тэдний амьдралын хэв маяг, тухайн улсын соёл, их, дээд сургуулиудынх нь онцлог болон ирээдүйд хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөсөн зэргийг нь тодруулсан юм. Мөн гадаадад суралцахын давуу болон сул талыг оюутнууд ийнхүү тодорхойллоо.
ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС 15 000-25 000 ТӨГРӨГ
-Би 2022 оны намраас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Будапешт хотын Эотвос Лорандын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байна. Унгар нь төв Европт оршдог, өнө олон жилийн түүхтэй, үзэсгэлэнтэй улс. Давуу талаас дурдвал, гадаад хүн амьдрахад аюулгүй, тайван амгалан, ард иргэд нь найрсаг, нийтийн тээврийн хэрэгсэл нь өндөр хөгжсөнөөрөө онцлог. Манай сургууль улсдаа шилдэг гуравт багтдаг бөгөөд судалгаа, шинжилгээний чиглэлээр дагнадгаараа онцлогтой. Дотуур байр улсын хэмжээнд 14 байдаг. Үүнээс найм нь Будапешт хотод байрладаг. Би ирсэн эхний жилдээ хотын дуу чимээнээс зайдуу, үйлчилгээний бүхий л зүйлтэйгээ ойрхон, тухтай дотуур байранд байрласан. Гадаад оюутнуудад энд цагийн ажил хийх боломж элбэг. Үйлчилгээний салбараас авхуулаад сонирхол, чадварын дагуу хийж болох ажил олон. Цагийн хөлс нь монголоор 15 000-25 000 төгрөг.
Надад сургуулийн маань урлаг болон спортын цогцолбор, номын сан, кампусуудын орчин тойрон гээд бүх зүйл таалагддаг. Сургуулийн удирдлага болон багш нар оюутнуудаа маш сайн дэмждэг. Мөн өөр олон улсаас ирсэн оюутнуудтай хамт суралцдаг тул гадаад найз нөхөдтэй болох, хэлний мэдлэгээ сайжруулах өргөн боломжтой. Түүнчлэн Унгараас бусад Европын улс руу аялахад тээврийн хэрэгсэл болон үнэ өртөг боломжийн байдгаараа давуу талтай. Жишээ нь, галт тэргээр Австри, Герман, Польш, Чех зэрэг улс руу явж болно.
Цагаа сайн төлөвлөж чадвал хичээлийн хажуугаар ажил, аялал гээд бүхнийг амжуулах боломжтой санагддаг. Энэ зуны амралтаараа кофе шопт бариста хийж байгаа. Чөлөөт цагаараа найзуудтайгаа Унгарын бусад хотоор, мөн ойрхон улсуудаар аялж байна.
Миний хувьд 2025 онд сургуулиа төгсөөд эндээ мэргэжлээрээ ажиллан, туршлага хуримтлуулна. Үүний дараа Монгол Улсдаа очин, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах хүсэлтэй.
Өөрийгөө бүхий л талаараа хөгжүүлэх, нүд тайлах боломжийг олгосон тус улсын Засгийн газрын тэтгэлэгт би маш талархдаг. Унгар улс миний хоёр дахь гэр мэт л санагддаг болсон.
БОЛГАРТ АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨНДӨР
-Би анх 2019 онд Болгарт сурахаар явсан. Тэр үед надаас гадна Монголоос ирсэн таван оюутан байлаа. Өмнө нь үүнээс олон оюутанд тус сангаар дамжуулан тэтгэлэг олгодог байснаа болиод одоо зөвхөн нийт төлбөрийн 40 хувийг санхүүжүүлдэг юм билээ. Үлдсэн төлбөрөө олохын тулд оюутнууд зун Америкт очин, ажил хийдэг. Учир нь Болгар улсад ажилгүйдлийн түвшин өндөр. Миний очсон жил “Ковид-19” цар тахал гарсан. Тиймээс санхүүгийн асуудлын улмаас үргэлжлүүлэн сурч чадаагүй. Тус сургуулийн давуу тал нь Европт байрладаг тул төлбөрийн хувьд хямд, уян хатан нөхцөлтэйгөөс гадна Америк, Европт магадлан итгэмжлэгдсэн.
Түүнчлэн тоног төхөөрөмж нь сайн, бас хүрэлцээтэй. Жишээ нь, манай сургууль гурван дотуур байртай. Бүх байр компьютерын өрөөтэй. Тэдгээр компьютерт бүртгэлээ оруулаад, ашиглах боломжтой. Мөн манай номын сангийн доод давхарт “Media room” болоод “Mac club” байдаг. “Media room” нь гэрэл зургийн тохижилттой студи бол “Mac club” нь iMac таблет ашиглах боломжтой клубийн өрөө юм. Тус таблетад “Adobe”-ын бүх программ байдаг учраас хийсэн ажлаа оруулахаас гадна чөлөөт цагаараа хэрэглэх боломжтой. Харин хичээлийн нэгдүгээр байранд байдаг видео камер, дуу хураагуурыг оюутнуудад хоёр өдрөөр хэрэглүүлнэ. Тэр үед би фото клубийн гишүүн байлаа. Клубийнхээ хамт олонтой ууланд гарч, сургуулийн камераар зураг авах, эсвэл бүрэн хэмжээний реклам хийж байсан. Бас хоёрдугаар байрны доод давхарт аудио бичих зориулалт бүхий, дуу тусгаарлагч хавтантай студийн өрөө бий. Амьдрах зардлын хувьд Монголынхтой адилхан. Манай сургууль хотын төвд бус, өөр мужид байрладаг учраас ажил олдоогүй. Тухайн газар нь Монголын Дархан-Уул аймгийн төвтэй адилхан санагдсан. Тус улсад мэдээллийн технологийн томоохон компаниудын салбар байрладаг. Тэр ч утгаараа Зүүн Европ дахь мэдээллийн технологийн төв гэгддэг. Мөн хүмүүсийн цалингийн түвшин манайхаас 1.5 дахин илүү.
Тэндхийн хүмүүс ажлаасаа яг цагтаа тардаг. Тайван мөртлөө хариуцлагатай юм шиг санагдсан. Жишээ нь, цуг сурч байсан найз минь өдөр бүр хичээлдээ эрт явдаг байлаа. “Би яарах дургүй. Удаан алхах дуртай. Тийм болохоор эрт явдаг” гэж тэр найз минь хэлсэн дээ. Иймд тэдэнд орой хүртэл ажиллана гэдэг ойлголт байдаггүй.
БУСАД ОРНЫ ИРГЭД АМЬ НЭГТЭЙ САНАГДСАН
-МУИС-д бакалаврын зэргээр суралцаж, эх орондоо хоёр жил ажиллаад, өнгөрсөн гуравдугаар сараас хойш Ирландын Корк хотод амьдарч байна. Цаашлаад зэрэг дээшлүүлж, бусад оронд суралцах төлөвлөгөөтэй. Хичээлээ давтахын зэрэгцээ цагийн ажил хийдэг. Даваагаас баасан гарагт 09.00 цагаас хичээл эхэлж, 12.00 өнгөрөөж тардаг. Би сүлжээ түргэн хоолны газарт ажилладаг юм. Амралтын өдрүүдэд арай илүү ачаалалтай, бүтэн цагаар ажилладаг. Харин тухайн сард гаргасан хуваариас хамаарч ажлын өдрүүдээр амралт олгодог. Ажилгүй өдрүүдэд найзуудтайгаа уулзах, эсвэл хотоор аялах байдлаар цагийг өнгөрүүлэхийг хичээдэг дээ. Гэсэн ч зарим тохиолдолд өдөржин унтаж өнгөрөөдгөө нуухгүй ээ.
Одоо миний амьдарч байгаа хотод монголчууд ажил олоход хүндрэлтэй санагдсан. Монголчууд гэж онцолсны шалтгаан нь бусад орны иргэд амь нэгтэй санагддаг. Тухайлбал, Монголд манай нутгийн хүн гэж дотночлох нь элбэг. Тэгвэл энд манай улсын хүн гэж бие биедээ туслах нь түгээмэл. Харин монголчууд эсрэгээрээ. Анх ирэхэд таньж мэдэх хүнгүй болохоор их самгардаж, заримдаа юу асуух ёстойгоо ч мэдэхгүй тохиолдол бишгүй гарсан. Мөн соёлын ялгаа нь ойлголцлын зөрүү гаргаж байлаа.
АЯЛАХ ТУСАМ ДЭЛХИЙ ЕРТӨНЦТЭЙ ОЙРТОЖ, НҮД ТАЙЛДАГ
-2020 оны намар сургуульдаа элссэн. “Ковид-19” цар тахлын улмаас эхний жил онлайнаар суралцсан юм. Дараа жилийнх нь наймдугаар сард анх Унгарт очиж байлаа. Засгийн газрын тэтгэлгийн тухай 12 дугаар ангидаа анх сонссон. Тухайн үед манай сургуулийн төгсөгч, Унгарт сурдаг оюутан ирж, ангийнханд минь зөвлөгөө, мэдээлэл өгч байсан. Түүнээс өмнө Унгарын талаар нэг их мэддэггүй байлаа. Унгарт суралцахад нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Юуны түрүүнд чанартай боловсролыг 100 хувийн тэтгэлгээр олж авах боломж хэмээн олзуурхсан. Унгарын их сургуулиуд олон улсад нэр хүндтэй. Англи хэлээр өргөн хүрээний хөтөлбөрүүд санал болгодог. Унгар улс баялаг түүхтэй, өвөрмөц хэл соёлтой, үзэсгэлэнтэй орон. Энд амьдрахад маш амар тайван, тухтай, олон улсын оюутнуудад ээлтэй санагддаг. Нийтийн тээвэр сайн хөгжсөн. Европын бусад улстай харьцуулахад амьдрах өртөг бага. Төгсөөд ажиллах боломж ихтэй. Мөн Европын Холбоо ны улс тул энд суралцах хугацаандаа Шенгений бүсийн аль ч орон руу чөлөөтэй аялах боломжтой. Би Унгарт очоод аялах дуртай болсон. Аялах тусам амьдралд илүү хайртай болж, өөрөө өөртэйгөө, дэлхий ертөнцтэй ойртож, нүд тайлдагт итгэдэг.
Миний мэдэхээр Унгарын Засгийн газрын тэтгэлэгт Монголоос жил бүр 200 оюутан хамрагддаг. Манайд гэхэд 12 монгол оюутан байсан. Гэхдээ мэргэжлийн чиглэл, сургууль, тухайн жилийн квотоос хамаараад янз бүр байх.
Хоол хүнс, ахуйн хэрэглээнд сард 1-1.5, байрны түрээсэнд нэг сая төгрөг зарцуулдаг. Амьжиргааны зардал сарын 2-2.5 сая төгрөг гэсэн үг. Мэдээж амьдралын хэв маягаас хамаараад хүн бүрийн хэрэглээ өөр байж болно. Гадуур хооллож, шоудаж, үнэтэй хувцас, хэрэглэл авахгүй бол дээр дурдсан шиг зарлага гарна гэж бодож байна. Байрны хувьд сургуулийнхаа дотуур байранд үнэгүй амьдрах боломжтой. Намайг анх ирэхэд цар тахлын улмаас дотуур байранд амьдрах боломж олдоогүй. Мөн бүртгүүлсэн байр маань сургуулиас хол зайтай тул ангийнхаа найзуудтай дөрвүүлээ байр түрээсэлсэн. Хувийн орон зай, эрхчөлөө, тав тухтай байдлаа бодвол байр түрээсэлсэн нь дээр.
Тэтгэлгийн хорооноос сар бүр 43 700 форинт (430 000 төгрөг) өгдөг. Байр түрээсэлбэл төлбөрт нь нэмэрлэх зорилгоор 40 000 форинт (400 000 төгрөг) өгнө. Дан стипендээр амьдрах бараг л боломжгүй. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх, эсвэл гэрээсээ дэмжлэг авах шаардлагатай.
Цагийн ажил элбэг олддог. Оюутан долоо хоногт 20 цаг ажиллаж болно гэсэн журамтай. Би хичээлийнхээ хажуугаар, мөн амралтаараа цагийн ажил хийдэг байсан. Энд сурдаг монгол оюутнууд бүгд л ажилладаг.
Би өнгөрсөн сарын сүүлчээр сургуулиа төгссөн. Эргээд харахад энд өнгөрүүлсэн жилүүд маань маш хурдан өнгөрчээ. Анх ирсэн үе өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Бүх зүйл шинэ, адал явдалтай, сэтгэл хөдөлгөм байсан. Гэрээсээ холдож үзээгүй жаахан охин анх гадаадад хөл тавиад, хүнд хэцүү асуудалтай цөөнгүй тулгарч байлаа. Гэхдээ түүнээс илүү гэрэлтэй, аз жаргалтай дурсамж нь олон. Ээж минь үргэлж оюутны амьдралын сайхныг ярьдаг байлаа. Одоо өөрөө төгсчихөөд эргэн дурсахад үнэхээр тийм юм байна. Амьдралын найзууд, анги хамт олон, анхны үерхэл, адал явдал, аялал гээд бүгд нандин. Эрдэмд шамдан суралцаж, сайхан найз нөхөдтэй болж, өөрийгөө олон талаар нээн илрүүлсэн, сургамжтай, бас дурсамжтай он жилүүд байсан.
Анх ирэхэд их амар тайван, соёлтой санагдсан. Наад зах нь гарцаар гарахад жолооч нар ямар ч нөхцөлд зам тавьж өгдөг. Монголд бол хэцүү шүү дээ. Би эхлээд сурсан зангаараа хурдан гарах гээд гүйгээд байсан. Яваандаа тайван гардаг болсон доо. Энэ нь жижигхэн юм шиг боловч том соёл. Мөн унгарчууд “Сайн уу”, “Баяртай” гэдгээ нэг үгээр хэлдэг. “Hellу” эсвэл “Szia” гээд. Ирээд удаагүй байхдаа дэлгүүрээс гарах болгонд “Hellу” гэхэд нь гайхаж байлаа. Учрыг нь дараа л ойлгосон. Бас нэг анзаарсан зүйл нь энд олон нийтийн газар хамраа цэвэрлэх нь бүдүүлэг үйлдэлд тооцогддоггүй. Бүр хичээлийн дундуур ч унгар оюутнууд чанга дуугаар нусаа нийх нь бий.
ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХИЙН ЗЭРЭГЦЭЭ МАШ ОЛОН ЧАДВАРТ СУРАЛЦДАГ
-Би багаасаа л гадаадад суралцахыг мөрөөддөг байсан. Гэсэн ч ОХУ-д суралцана гэж төсөөлж байгаагүй. Харин ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жил гэнэтийн, бас азтай байдлаар тус улсад сурах тэтгэлгийн эзэн болсон юм. Тухайлбал, ахлах сургуулиасаа эхлэн илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэж, улс, дүүргийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Ингээд “Шилдэг мэтгэлцэгч”- ээр тодорч, ОХУ-ын хүссэн их сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авч байлаа. Анх энэ мэдээг сонсоод маш их баярлахын сацуу айж билээ. Орос хэл мэдэхгүй учраас эхний жил хэлний бэлтгэлд суралцсан. Энэ хугацаандаа бие даан амьдрах арга ухаан эзэмшсэн гэж боддог. Хүмүүсийн хэлдгээр “Ариун цэврийн цаас, давс дуусдаг юм билээ” гэдэг бол үнэхээр үнэн. Тэр бүхнийг ганцаараа нэг бүрчлэн цуглуулах үнэхээр хэцүү, хурдхан л гэр лүүгээ буцчихмаар санагдсан үе цөөнгүй. Тэгж явсаар нэг л мэдэхэд найз нөхөдтэй болж, гэрээ санах нь ч багасаж, орчиндоо дассан. Дараа жил нь жинхэнэ оюутны амьдрал эхлэх боллоо. Анх ирснээ бодвол хэдийн учраа олсон гэж бодтол миний буруу байсан.
Манай сургууль ОХУ-д ихэнх салбартаа нэгдүгээрт бичигддэг. Тэр ч утгаараа хамгийн онц сурдаг, шилдэг гэсэн хүүхдүүд суралцдаг. Хамгийн анхны лекцдээ суутал багшийнхаа хэлсэн ганц ч үгийг ойлгоогүй. Гэтэл хамт сууж байсан орос хүүхдүүд ам уралдан ярьж, сонирхсон зүйлээ чөлөөтэй асууж байв. Ийм байдлаар нэгдүгээр курстээ учраа олохгүй будилж явсаар олон боломж алдсан гэдгээ ухаарсан юм. Харин энэ намар хоёрдугаар курст орохдоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон зүйл бий. Тэр дундаа улс хоорондын оюутан солилцооны хөтөлбөр, сургуулийн олон нийтийн ажил зэргийг сонирхож байгаа. Манай багш, профессоруудын олонх нь залуу учраас оюутнуудтай нээлттэй харилцдаг нь таалагддаг. Хэчнээн тэнэг асуулт байсан ч инээгээд л тайлбарладаг. Гэхдээ тэглээ гээд суралцахад амархан гэсэн үг биш. Дүн гаргах, шалгалт зэрэг нь үнэхээр чанга хатуу байдгаараа алдартай. Ангийнхаа орос хүүхдээс сонсох нь ээ, манай сургуульд элсэх нь бахархууштай, цаашлаад төгсөж чадвал бүр ч бахархалтай гэсэн. Учир нь хичээлээ дийлэхгүй дундаас нь хаях, төгсөж чадахгүй улирах, хөөгдөх зэрэг бол семестр бүрт л тохиолддог зүйл. Өндөр боловсрол олгохын зэрэгцээ чанга хатуу шаардлага тавьдаг нь шилдэг боловсон хүчин бэлтгэх арга байх.
Би Москва хотод амьдраад хоёр жил болж байна. Амьдрах өртөг, оюутны байр зэргийн зардал бусад орныхтой харьцуулбал тийм ч их биш. Тэтгэлэгтэй учраас сар бүрийн стипендээрээ оюутны байр, утасны төлбөр, тээврийн хэрэгсэл зэрэг зардлаа зохицуулдаг. Энд байдаг оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах зөвшөөрөлтэй. Тиймээс ажил хийдэг оюутан цөөнгүй. Москва хотоос надад хамгийн их таалагддаг зүйл бол чөлөөт цагаа өнгөрүүлэх газар үнэхээр их. Хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн, номын сан, музей, галерей бий. Орос улс урлаг, уран сайхны баялаг өвтэй. Тэр чинээгээр гайхамшигтай нарийн хийц бүхий барилга, уран зургийн галерей, музей олон байдаг. Метроны буудал нь гэхэд янз бүрийн гоёл чимэглэл, нарийн хийц бүхий хөшөө, зурагтай, тэр бүхэн нь түүх агуулж байдгаараа онцлог.
Гадаадад сурснаараа өндөр боловсрол эзэмшихийн зэрэгцээ маш олон чадварт суралцдагийг ойлгосон. Биеэ даахаас авхуулаад хүмүүстэй харилцах, тэр дундаа тэс ондоо соёлтой хүмүүстэй ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатай болдог. Хамгийн чухал нь гэр бүл, хайртай хүмүүсээсээ холдсоноороо өөрийгөө илүү их таньж мэддэг юм шиг санагдсан. Ирээдүйд улам олон орноор аялж, их зүйл сурахыг хүсэж байна. Манай сургуульд III-IV курсийн оюутнуудад карьер төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, ажил олоход нь тусалдаг төв бий. Анх элсэхдээ сургуулиа төгсөөд өөр олон улсад ажиллах боломжтой, тэр бүрт нь тусламж, зөвлөгөө өгдгийг сонссон. Тиймээс гадаадад ажиллаж, амьдрахыг хүсэж байлаа. Учир нь би ердөө хоёр жил өөр газарт амьдрахад л Монгол Улсдаа хиймээр, хэрэгжүүлчихмээр олон зүйл байдгийг анзаарсан юм. Нэг үгээр хэлбэл, нүд нээгдсэн гэх үү дээ. Харин төгссөнийхөө дараа өөр улсад ажиллах, туршлага хуримтлуулж, шилдэг боловсон хүчин болсон үедээ эргэн ирж, эх орондоо сурсан мэдсэн бүхнээ хэрэгжүүлнэ гэж боддог.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам, Б.Оргил