Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3474 төгрөгөөр худалдан авч, 3480-аар борлуулж байв. Энэ нь сүүлийн гурван долоо хоногт уг валютыг авах ханш 24, зарах нь 18 төгрөгөөр өссөн дүн боллоо. Харин өнгөрсөн жилийн наймдугаар сарын гуравдугаар долоо хоногийнхоос “ногоон”-ыг авах, худалдах нь 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн 5-7 дугаар сард ам.долларын ханш аажмаар буурсан ч энэсар гарснаас хойш өсөж буй. Энэ талаар дээрх захын нэгэн ченж “Жил бүрийн есдүгээр сард ам.долларын ханш өсдөг нь бараа, бүтээгдэхүүний эрэлт, иргэдийн худалдан авах хэрэгцээ ихэсдэгтэй холбоотой” гэж ярив.
Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр “ногоон” 3473.75 төгрөгтэй тэнцсэн нь сүүлийн гурван долоо хоногт 20, жилд 340 орчим төгрөгөөр чангарсан дүн юм. Ташрамд дурдахад, манай улсын гадаад валютын нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.82 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны мөн үеийнхээс 32.9 хувиар өссөн гэсэнүг. Гадаад валютын өчигдрийн ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк95.4 сая ам.долларыг 3474 төгрөгөөр нийлүүлжээ.