“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “СҮҮ” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ нээлттэй мэдээллээ. Тайлант хугацаанд тус компанийн орлого 73.5 тэрбум төгрөг буюу 38 хувиар өссөн байна. Ашиг нь 8.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгдсэн байгаа юм. 65 жилийн ойтойгоо золгож буй “Сүү” ХК нь энэ онд санхүүгийн үзүүлэлтүүдээ эрс сайжруулж, бүтээгдэхүүний өртгийг бууруулсны зэрэгцээ стратегийн томоохон хөрөнгө оруулалтад анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн тухай тайландаа дурджээ. Тухайлбал, “Миний Монголын сүү” үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн 2023 оны эхний хагас жилийн ноогдол ашгийг 2024 оны хоёрдугаар сарын 10 дотор олгохоор шийдвэрлэжээ.