Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу М.Горькийн нэрэмжит номын сангаар үйлчлүүлсэн нэгэн иргэн “Манай улс номын сангууддаа анхаарах цаг болжээ. Сонголт, үйлчилгээний орчин нөхцөлөөс эхлээд анхаарах зүйл олон байна. Дан хуучин номтой. Ихэнх нь хандивынх гэнэ. Уншууртай, орчин үеийн ном ховор. Тоос, шороо ихтэй учраас хэсэг хугацаанд суухад л хамар загатнаж, хоолой сэрвэгнэж байна лээ. Номын санч нь “Үйлчлүүлэх хүний тоо эрс цөөрсөн. Ялангуяа хичээл, сургууль амардаг зуны үеэр бараг үйлчлүүлэгчгүй болдог. Тэтгэврийн насны хэдэн хөгшин байнга ирж сонин уншдаг” хэмээн ярилаа. Оюутан ахуйдаа Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон түүний салбаруудаар тогтмол үйлчлүүлж, амралтын өдөр уран зохиолын голдуу номууд шимтэн уншиж, тэндхийн нам гүм танхимд даалгавар, бие даалтуудаа “нугалдаг” байсан надад энэ яриа ихэд “эмзэг” тусав.
Үндэсний номын сангийн гэх “шошго”-той 11 давхар, 10 мянга орчим ам метр бүхий талбайтай нүсэр барилгыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт босгоод багагүй хугацаа өнгөрсөн ч газрын маргаан, санхүүжилтийн гацаа гэсэн аар саархан шалтгаанаас болоод он удаан жил “царцаалаа”.
Улаанбаатар хотын нийтийн төв, бидний нэрлэж заншсанаар Д.Нацагдоржийн номын сангаар оюутны жилүүддээ буюу 2011-2015 онд ид үйлчлүүлдэг байв. Бид “Д.Нацагийн номын сан” гэж товчоор нэрлэдэг сэн. Эрж сурагласан номуудаа бүгдийг нь биш юм гэхэд ихэнхийг нь тэндээс авдаг байлаа. Тухайн үед тус номын сангийн төв салбар нь танхимын болон цахим уншлагын хэсэгтэй, хайлтын нэгдсэн системтэй, мөн гэрээр ном олгодог гээд ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд дундаа шинэлэг, орчин үеийнхэд тооцогддог байсан юм. Харин салбарууд нь харьцангуй сонголт багатай, зай талбай давчуу, үйлчлүүлэгч цөөтэй. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар (Цамбагаравт байрладаг учир “Цамбын номын сан” гэдэг)-аар үе үе үйлчлүүлдэг байв. Гэтэл одоо ч нөхцөл байдал нь хэвээрээ буй аж. Тус номын сангийн төв салбарт сүүлийн жилүүдэд менежментийн гэж хэлж болохоор олон ажил хийж, дэвшил гаргасан талаар зарим үйлчлүүлэгч ам сайтай байгаа ч салбаруудад нь шинэчлэх, сайжруулах зүйл цөөнгүй хэвээр.
Манай улсад 1500 гаруй номын сан үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Эдгээрээс хамгийн эртний, томоохонд тооцогдох нь Үндэсний, Улаанбаатар хотын нийтийн, Хүүхдийн төв номын сан юм. Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь ч эдгээр номын сан. Гэтэл эдгээр нь орчин цагийнхны эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн тав тухтай орчинд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэвэл тийм биш. Бүгд л дор бүрнээ тулгамдсан асуудалтай, үйлчлүүлэгчдэдээ “гоочлуулдаг” сул талтай. Энэ нь эцсийн дүндээ манай улс номын сангууддаа дорвитой санаа тавьж, үйлчилгээний чанар, орчин нөхцөлийг нь сайжруулахад олигтой анхаардаггүйн үр дүн юм.
Үндэсний төв номын санг орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн байртай болгоно гээд лав 10 орчим жилийн нүүр үзэж байна. Зарим нь тус номын сангийн одоогийн байрыг Улаанбаатар хотын амин сүнс болсон дурсгалт барилга хэмээн үнэлж, нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцдэг ч ашиглалтын хугацаа, аюулгүй байдлын шаардлага хангахаа болиод удаж буй. Тэнд ажилладаг номын санч нь хүртэл “Манайх бусад улсын Үндэсний номын санг бодвол харьцангуй цөөн номтой, ашигтай зай талбай багатай” хэмээн хэлж байна билээ. Гэтэл төр нь “Орчин үеийн жишигт нийцсэн шинэ байртай болгоно” гэж ам гарсандаа хүрэлгүй, “Энэ онд багтаан нүүлгэн шилжүүлнэ” хэмээн хуурсаар өнөөдрийг хүрлээ. Үндэсний номын сангийн гэх “шошго”-той 11 давхар, 10 мянга орчим ам метр бүхий талбайтай нүсэр барилгыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт босгоод багагүй хугацаа өнгөрсөн ч газрын маргаан, санхүүжилтийн гацаа гэсэн аар саархан шалтгаанаас болоод он удаан жил “царцаалаа”. Аль өнгөрсөн онд л тус номын санг шинэ байр луу нь нүүлгэн шилжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл хангах ажлын хэсгийг Соёлын яамнаас байгуулсан тухай сураг чимээ дуулдсан ч түүнээс хойш ажиг сураггүй.
Манай улс хүүхэд багачуудын гэх тодотголтой ганц номын сангаа ч өдий хүртэл зориулалтын байртай болгож чадаагүй байна. Хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөөний Б корпуст, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад өчнөөн жил боллоо. Нийт төсвийнхөө 30 орчим хувийг байрны түрээсэнд зарцуулдаг, 300-хан суудалтай умгар номын сан хүүхэд багачуудад хүртээмжтэй үйлчилж, номын соёл түгээж чадах уу. Зориулалтын бус, давчуу байранд үйл ажиллагаа явуулдгаас ямар бэрхшээл тулгардаг талаар тус номын сангийн удирдлага “Үйлчлүүлэх хүүхдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа ч суудал, хүчин чадалдаа тааруулж ажиллахаас аргагүй болдог. Соёлын арга хэмжээ явуулах зориулалтын танхимгүй учраас зарим тохиолдолд уншлагын танхимаа чөлөөлөх хэрэг гардаг. Цаг үеийнхээ хэрэгцээг дагаад гэр бүлийн уншлагын, интерактив болон технологийн, тэр ч бүү хэл, хүүхдийн тоглоомын танхимтай болох шаардлага тулгарч байна. Хүүхдийн номын сан орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн зориулалтын байртай байх зайлшгүй шаардлагатай. Манайх хүүхдийг гадаад хэлээр уншуулж сургах танхимтай. Зарим тохиолдолд хүүхдүүд тус танхимд ганцаараа суухыг чухалчилдаг ч зай талбай хязгаарлагдмал тул бид оломжоор хангаж чаддаггүй” хэмээн ярьж байв. Одоо ч энэ бүх бэрхшээл хэвээрээ буй. Хүүхдийн төв номын санг шинэ байртай болгох асуудал гурван Засгийн газрын нүүр үзсэн. Сүүлд Соёлын яам байгуулснаас хойш бодлого, шийдвэр гаргах түвшинд үүнийг нэлээд ул суурьтай ярьж, шинэ номын сан барих газрын асуудлыг шийдвэрлэсэн ч барилгын ажлыг нь одоо болтол эхлүүлээгүй байна.
Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тга зохиол, ном, номын сангийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээс дээрх номын сангуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ байртай болгох ажил өдгөө ямар шатандаа яваа, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг дэмжих чиглэлд хэрхэн анхаарч байгааг асуухад “Яг ямар зорилгоор үүнийг тодруулж байна вэ. Барилга, байгууламжтай холбоотой зүйлсийг Хөрөнгө оруулалтын хэлтсийнхнээс асуу” гэж цааргалав. Харин Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн нь “Энэ талаар тодруулчихаад танд эргээд мэдээлье” гээд таг чиг болов.
Уг нь Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр, Номын сангийн болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд номын санг хөгжүүлэх, дэмжихтэй холбоотой цөөнгүй зорилт, арга хэмжээг тусгасан. Тэр ч бүү хэл, цахим номын сангийн үйлчилгээг жилээс жилд эрчимжүүлж, 2025 он гэхэд нийт сан хөмрөгийн таван хувийг цахимд шилжүүлэх зорилт дэвшүүлсэн билээ. Улаанбаатар хотын нийтийн төв буюу Д.Нацагдоржийн номын санг олон улсын жишигт нийцүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэн сайжруулах тухай яриа ч өнгөрсөн оны сүүлчээр дуулдаж байв. Харамсалтай нь, энд бичсэн, ярьсан зүйлсээс ажил хэрэг болсон нь даанч ховор. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахь номын сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүртэл энэ талаар тодорхой мэдээлэлгүй байх жишээтэй.
Номын сан бол соёл, боловсролын үүр болсон газар. Олон улсын тодорхойлолтод ч “Уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллага” гэсэн байдаг. Тиймээс үйл ажиллагааг нь зөвхөн ном олгох, тохижилт, зохион байгуулалтыг нь уншлагын танхимаар хязгаарлахаа байсан. Уншигчдыг хөгжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх соёл, боловсролын олон төрлийн үйлчилгээг номын санд төвлөрүүлж, дагалдуулан хөгжүүлдэг болсон. Уншигчдынхаа хөгжлийн ялгаатай байдлыг харгалзсан тохижилт, үйлчилгээ, шийдлүүдийг нэвтрүүлдэг жишиг ч олон улсад “моод” болж байна. Даанч манай улсад орчин үеийн жишгээр ингэж хөгжүүлсэн номын сан бараг алга. МУИС-ийн номын санг арай дөнгүүр гэж нэрлэж болох ч энэ нь олон нийтэд төдийлөн хүртээмжтэй биш. Зөвхөн карт нээлгэсэн оюутнууддаа л үйлчилдэг, өвөл хэт сэрүүхэн, 24 цагийн ажиллагаатай гэдэг ч орой хаалгаа барьдаг гээд бишгүй асуудалтайг оюутнууд хэллээ. Шинэ байр амлахаас өөрөөр номын сангуудаа дэмждэггүй манай улсын өнөөдрийн бодит байдал ийм л байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл