2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг энэ сарын 1-20-нд “E-Mongolia” системээр болон уламжлалт аргаар буюу тухайн цэцэрлэгт нь бүртгэсэн. Үүнд 116 337 хүүхдийг хамруулсан байна. Тэднээс 111 000 гаруйг нь цахимаар, үлдсэн хувийг нь уламжлалт аргаар бүртгүүлсэн аж. Улмаар хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь цэцэрлэгүүдэд хуваарилж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд өдгөө цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд оршин сууж байгаа гэнэ. Тэднээс 20 000 гаруй хүүхэд бүртгүүлээгүй үлджээ. Тиймээс дараагийн ээлжийн бүртгэлийг ирэх сарын 11-20-нд зохион байгуулах юм байна. Түүнчлэн энэ удаагийн бүртгэлийн үеэр “Цахим систем гацсанаас шалтгаалаад бүртгүүлж чадсангүй” гэж цөөнгүй иргэн бухимдлаа илэрхийлж байлаа. Ташрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулна гэж холбогдох байгууллагынхан мэдэгдсэн. Гэсэн ч 2-5 настай нийт хүүхдийн 81 хувийг нь л хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаа амласан байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэнэ.