Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар тэргүүтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банкны (АХБ) дэд ерөнхийлөгч Лаваса Ашок, Зүүн Азийн газрын захирал Тереса Хо, Санхүүгийн газрын захирал Эмма Фан, Зах зээлийн хөгжүүлэлт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал Шах Сидхарта болон холбогдох албаныхантай уулзжээ. Энэ үеэр Монгол Улсад шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, батлуулсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Уг хуулиар Эдийн засаг, хөгжлийн яам нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд бэлтгэл ажлыг хангах, холбогдох журам, баримт бичгүүдийг боловсруулах, шинээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулах ажлуудыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд АХБ-тай хийсэн уулзалтаар томоохон дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улс орны хөгжлийн зорилтуудыг хангах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлдэг олон улсад танигдсан сайн туршлага болохыг онцлон тэмдэглэж, мэргэшсэн байгууллага, чадавхтай хүний нөөцийг бүрдүүлж, амжилттай төсөл хэрэгжүүлэх ач холбогдол, боломжийн талаар санал солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.