Их, дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй II-IV дамжааны оюутнуудын мэргэжлийн байгууллагад хийдэг дадлагыг ирэх аравдугаар сарын 15 хүртэл гэрээт ажилтны хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг энэ хугацаанд цалинтай дадлага хийлгэх нь. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдэх зорилгоор БОАЖ-ын болон БШУ-ы сайд хамтарсан тушаал гаргаж, ийнхүү зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай уялдуулан Монголын жуулчны баазуудын шинэ сэргэлтийн холбоо дээрх яамдад ийм хүсэлт гаргаж байжээ.
Уг шийдвэртэй холбогдуулан их, дээд сургуулиудад аялал жуулчлалын хөтөлбөрийн намрын хуваарьтаа өөрчлөлт оруулах, багшийн ачааллыг зохицуулах, оюутнуудын гэрээгээр ажилласан хугацааг дадлагын багц цагт дүйцүүлэн тооцох арга хэмжээ авахыг даалгасан аж. Харин аялал жуулчлалын байгууллагуудад гэрээгээр ажиллагч оюутнуудын амь даатгал, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хөдөлмөрийн хөлсийг гэрээ ёсоор цаг тухайд нь олгохыг үүрэг болгожээ. Эл шийдвэрийн хэрэгжилтэд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, их, дээд сургууль, аялал жуулчлалын байгууллагын удирдлагууд хяналт тавих гэнэ.