Засгийн гараас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд “Nas summit Mongolia” арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Хэдэн сая, мянган дагагчтай контент бүтээгчдээс авхуулаад сонирхогчид ч үүнд оролцож, туршлагаасаа хуваалцсан юм. Иргэд цахимаар бүртгүүлэн, тус арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцох боломжтой байв. Үүний дагуу 10 000 хүн оролцохоор хүсэлт гаргасан ч 1200-д нь л биечлэн оролцох боломж олгосон аж. Гэсэн ч “Тэнгэр” телевизээр шууд дамжуулсан учир оролцохыг хүссэн хүн бүр хэрэгтэй мэдээллээ олж авч болохоор байлаа.
Арга хэмжээ эхлэхэд хэдхэн минутын дотор л бүх суудал эзэнтэй болж, үлдсэн оролцогчид зогсож, зарим нь шатан дээр сууцгаан контент бүтээгч нарын илтгэлийг чих тавин сонссон юм.
“Nas summit Mongolia”-гийн хамгийн бяцхан оролцогч нь найман настай байв. Тэрбээр дэлхийн шилдэг контент бүтээгч нарыг харах гэж ирснээ өөртөө тун ч итгэлтэйгээр англиар хэлсэн нь танхимд байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх шиг болсон.
“Дэлхийн контент бүтээгч” хэмээн алдаршсан, 65 сая гаруй дагагчтай, “Nas” компанийн үүсгэн байгуулагч Нусейр Яссин энэхүү арга хэмжээний гол зохион байгуулагч байв. Өдгөө 31 настай тэрбээр өдөр бүр нэг минутын видео бичлэг хийж, юүтүб, фэйсбүүк гэх мэт сошиал сувагтаа байршуулдаг. Тэрбээр анх Израил болон Палестины хоорондох зөрчилдөөнд санаа зовнин контент бүтээж эхэлжээ. 2016 оноос дэлхийгээр аялахаар шийдэж фэйсбүүк хуудас нээсэн бөгөөд 2018 онд 10 сая дагагчтай болж чадсан аж.
Нусейр Яссин уг арга хэмжээг нээн үг хэлсэн юм. Тэрбээр контент бүтээх нь найзуудтай болох маш том боломж хэмээн онцолсон. Үүний дараа олон улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгчдийн илтгэл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөлөө. Мөн оролцогчдыг хөгжөөх зорилготой асуулт, хариултын тэмцээн, бүжиг, хажууд суугаа танихгүй хүнтэйгээ сельфи хийх гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа болсон. “Аялал жуулчлалын зөвлөлтэй хэрхэн ажиллах вэ”, “Юүтүбийн богино бичлэгээр дамжуулан боловсролыг сурталчлах нь” зэрэг гурван семинар зохион байгууллаа. Эдгээрт 450 хүн оролцох боломжтой байв.
Хамгийн эхний илтгэгч Жулиус Дейн байлаа. Тэрбээр “Nas summit Mongolia”-гийн тайзнаа фэйсбүүкт хамгийн олон хүн үздэг хуудас бий болгох туршлагаасаа хуваалцсан юм. Эл арга хэмжээнд түүний эцэг, эх хамт ирсэн байлаа. Есөн настай байхдаа өвөө, эмээгийнхээ хамт илбийн тоглолт үзсэнээс хойш тэрбээр илбэчин болох мөрөөдөлтэй болжээ. Дөнгөж 13 насандаа гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүст илбийн үзүүлбэр үзүүлж, карьераа эхлүүлсэн аж. Харин олны анхаарлыг татаж эхэлсэн үе нь гудамжинд илбэ үзүүлж буйгаа богино бичлэг болгон олон нийтийн сүлжээнд байршуулсан үеэс эхтэй гэнэ. Алдартнуудыг илбээр гайхшируулж байгаа бичлэгүүд нь түүнд олон сая дагагч авчирчээ.
Дараагийн илтгэгчдийн нэг нь Дхрув Рати байв. Юүтүбт улс төр, нийгмийн чиглэлээр контент бүтээж эхэлсэн анхны Энэтхэг хүмүүсийн нэг тэрбээр 2013 оноос цахим орчинд бичлэгээ түгээх болжээ. Улмаар 2020 оноос дэлхийгээр аялж буйгаа бусадтай хуваалцахаар влог хийж эхэлсэн аж. Түүний аяллын суваг өдгөө хэдийн 1.9 сая дагагчтай болсон юм. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд тууштай бөгөөд халширч, өөрийгөө зовоохгүй контент бүтээх талаар туршлагаасаа хуваалцлаа.
“Nas daily”-гийн багт Монголд ирэх хүсэлтийг хоёр жил тавьсан Maкс Мюнх Монгол орон хэрхэн түүний аяллын контентыг өөрчилсөн тухай ярьсан нь оролцогчдын сонирхлыг татсан. Гэрэл зурагт сонирхолтой түүний хувьд 2015 оноос энэхүү хоббигоо бүтэн цагийн ажил болгохоор шийдэж, улмаар 2016 онд Монгол Улсыг зорин иржээ. Хөгжмийн продюсер, төгөлдөр хуурч мэргэжилтэй ч хүсэл сонирхлоо эргэлзэлгүй дагасан түүнд Монгол орны үзэсгэлэнт байгалийн тогтоц, хэл соёл, өнгө төрх туйлын таалагдсан аж.
Уг арга хэмжээг бүхэлд нь англи хэлээр зохион байгуулсан. Харин манай улсын контент бүтээгчдийн төлөөлөл болох Ананд, Gremix, Uno Bold нар Монголын контент бүтээлийн ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг монгол хэлээр өрнүүлсэн юм. Тэд контент бүтээгч болно гэж шийдсэн мөчүүдээсээ, анх тулгамдаж байсан асуудал зэргийн талаар ярьсан юм. Түүнчлэн хамгийн анх хийсэн видео, контент бүтээгч байхын эерэг болон сөрөг талын тухай сонирхолтой яриаг өрнүүлсэн.
Дэлхийн томоохон контент бүтээгчдийн уулзалтыг ийнхүү Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үүнд оролцсон гадаад, дотоодын илтгэгчид туршлагаа хуваалцаж, тэдэнд ямар асуудал тулгарч, хэрхэн даван туулснаа ярьсан нь сонирхогчид, контент бүтээж эхэлж байгаа, мөн шантарчихаад яахаа мэдэхгүй байгаа хүүхэд, залууст маш үнэтэй зөвлөгөө өгснөөрөө ач холбогдолтой байв. Бүх зүйл тэгээс эхэлдэг, хийж буй зүйлээ тууштай үргэлжлүүлэх л хэрэгтэйг ихэнх илтгэгч зөвлөсөн юм. Энэхүү арга хэмжээг өнгөрсөн хоёрдугаар сараас Жакарта, Дубай, Лондон зэрэг 10 гаруй хотод зохион байгуулсан бөгөөд цаашид АНУ, Сингапур зэрэг улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Арга хэмжээнд оролцсон залуусаас сэтгэгдлийг сонссон юм. Оролцогч М.Эрдэнэ-Уяа “Энэ арга хэмжээнд долоо хоногийн өмнөөс төлөвлөөд оролцож байна. Зохион байгуулалт сайн, илтгэгч нар нь урт сунжирсан биш, өөрт оногдсон 15 минутдаа багтаагаад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн нь таалагдлаа. Халшралгүй, өөртөө хэт их ачаалал өгөхгүйгээр контент бүтээх талаарх сэдэв таалагдсан. Мөн богино биш, урт хугацааны контентдоо төвлөрөх зэрэг “жижиг” аргыг хуваалцсан нь шантрах үед туслах юм байна гэж бодон тэмдэглэж авсан. Цаашид контент бүтээхээр сошиал сувгуудаа хөгжүүлж эхэлж байгаа. Одоо байгаа юүтүб, инстаграм хуудсаараа дамжуулаад хүмүүст яг юуг хэрхэн хүргэх талаар санаа авахаар ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнээс урам зориг авлаа. Цаашдаа тогтмол контент хийж орлогын нэг эх үүсвэрээ болгоно гэж бодож байна” гэв.
Мөн Түвшинтөгөлдөр “Би хааяа бичлэг хийдэг, энэ арга хэмжээнд яаж контент хийх, хүмүүст хэрхэн хүргэх гэх мэт зүйлийн талаар мэдэх, олонд танигдсан хүмүүстэй уулзаж, туршлагаас нь судлах гэж ирсэн. Өөрийгөө хэт их дайчлахгүй байх, өөрийнхөө чадах зүйлийнхээ талаар л контент хий гэж ярьсан нь надад хэрэгтэй санагдсан” хэмээн ярилаа.
Удахгүй 17 нас хүрэх М.Тэмүүлэн “Би багаасаа юүтүб үздэг байсан. Юүтүбэрүүд маш баян юм байна гэж бодоод анх богино бичлэг хийж эхэлж байлаа. Бичлэгээ хийж байхад хоёр цаг гаруй тасралтгүй суугаад “Хэцүү юм байна” гээд бууж өгсөн. Тэгж байтал хүмүүс цар тахлын үеэр “cringe” тикток бичлэгүүд хийж од болоод эхлэхээр нь дахиад нэг оролдоод үзье гэж бодсон ч айгаад байсан. Усанд орж байхад галзуу санаанууд орж ирдэг гэж сая нэг илтгэгч хэлсэн. Олон сая дагагчтай хүмүүсээс урмын үг сонсоод, айдсаа давах гэж энд ирсэн” хэмээн өгүүлэв. Тэгвэл оролцогч Элбэг “Би 16 настай. “Nas summit Mongolia”-д гадаадын контент бүтээгчид яаж ажилладгийг сонирхох, багаасаа контентыг нь үзсэн хүмүүсээ харах гэж ирсэн. Илтгэгчдийн өгсөн зөвлөгөөнүүд таалагдлаа” гэлээ. “Nas summit” арга хэмжээг дараа жил Монголд дахин зохион байгуулахаар шийдвэрлэснээ Нусейр Яссин дуулгахад залуус баяртайгаар хүлээн авсан юм.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам