Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжийг халах санаачилга гаргаснаас хойш гурав дахь хичээлийн жилээ угтах гэж байна. Харамсалтай нь, гурван ээлжийг шийдэж чадаагүй. Харин ч ийм байдлаар хичээллэх сургуулийн тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 68 сургуулийн 33 000 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэх төлөвтэй аж. Үүний дийлэнх буюу 47 сургууль нь нийслэлд байгаа. Манай улс боловсролын салбартаа төдийлөн анхаардаггүй, сургуулийн хүртээмжийг сайжруулдаггүйн горыг хүүхдүүд ийнхүү гурван ээлжээр хичээллэж, эсвэл нэг ангид олноороо шахцалдан суух маягаар үүрэх юм. Засгийн газар, салбарын яам, холбогдох бусад албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй гэх боловч тэд үнэндээ ярихаас хэтрэхгүй байна.
“Өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 17 сургууль, нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг 170 гаруй бүлэг бий. Ирэх оноос нэг ангид ихдээ 45 хүүхэд суралцуулах зохицуулалт хийнэ. Үүнээс гадна гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 41 сургууль байна. Үүнд онцгой анхаарал хандуулна”
БИЕЛЭЭГҮЙ АМЛАЛТ
2021 оны наймдугаар сарын 13. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэхээ амласан. Түүнчлэн тэрбээр тухайн оны есдүгээр сарын 1-нд зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Энэ жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсон” хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч бодит нөхцөл байдал Засгийн газрын тэргүүний амласан шиг байгаагүй. Өнгөрсөн буюу 2022-2023 оны хичээлийн жилд ч Ерөнхий сайд уламжлал ёсоор гурван ээлжийг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдэж байв. Тэглээ гээд нөхцөл байдал дээрдээгүй, сургуулийн хүрэлцээ тааруу, хүүхдүүд анги танхимдаа багталцдаггүй хэвээрээ л байсан. “Хөрсөндөө буудаггүй” албаныхан л харин “Гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй” хэмээн мэдээлсээр, асуудлуудыг нуун дарагдуулсаар ирсэн.
ГУРВАН ЭЭЛЖИЙГ ЯАЖ ХАЛСАН БЭ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан статистик мэдээллээс харвал 2019 оноос эхлэн өнгөрсөн хичээлийн жилийг дуусталх хугацаанд гурван ээлжээр хичээллэсэн сургуулийн тоо эрс цөөрч, 2-6 болжээ. Гэхдээ эдгээр тоонд итгэхэд бэрх. Учир нь дээрх хугацаа нь голчлон цар тахлын үеийг хамарсан. Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилд сурагчдын 47 хувь нь цахимаар хичээллэсэн. Дараа жил нь талаас илүү буюу 60 гаруй хувь нь цахим хэлбэрээр хичээллэжээ. Ингэснээр улсын хэмжээнд, нийслэлд ч анги танхим хүрэлцээтэй, гурван ээлж үгүй болсон мэт дүр зураг гарчээ.
Өмнө дурдсанаар 2021-2022 оны хичээлийн жил Ерөнхий сайд “Гурван ээлжийг халсан” хэмээн мэдэгдсэн. Гэтэл тэр үед дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэсэн гэх тоон үзүүлэлт гарчээ. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд зургаан сургуулийн сурагчид ийм байдлаар хичээллэсэн гэх статистик байна. Гэхдээ албан ёсны эдгээр тоон үзүүлэлтийн цаана олон зөрчил дарагдаж өнгөрсөн. Тухайлбал, гурван ээлжийг халсан нэр зүүхийн тулд нэг ангид олон хүүхдийг шахан суулгадаг, стандартын шаардлага хангаагүй орчинд буюу түрээсийн байранд, орон сууцын зоорийн давхарт хичээллүүлсэн зэрэг асуудал ч тулгарсан. Жишээ нь, өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд нэг ангид 30 болон түүнээс олон хүүхэд хичээллэдэг сургуулийн тоо 121 байж. Энэ бол төрийн өмчийн зургаан сургууль тутмын нэг нь гэсэн үг юм. Тэдгээрийн дотор нэг ангид 45-аас олон хүүхэд хичээллэдэг сургууль ч байсан.
Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 15- нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 17 сургууль, нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг 170 гаруй бүлэг бий. Ирэх оноос нэг ангид ихдээ 45 хүүхэд суралцуулах зохицуулалт хийнэ. Үүнээс гадна гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 41 сургууль байна. Үүнд онцгой анхаарал хандуулна” хэмээн мэдээлсэн. Намар нь болохоор бүх асуудал шийдэгдсэн мэт ярьсан ч хавар нь нөхцөл байдал хүндэрснийг салбарын сайд нь ингэж хүлээн зөвшөөрсөн хэрэг.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДСААР Л БАЙНА
Гурван ээлжийг шийднэ гээд Засгийн газрын хуралдаанаар байсхийгээд л хэлэлцдэг нь бараг уламжлал болов. Тэглээ гээд эл асуудал шийдэгддэг бол аль хэдийн цэгцэрчих байсан. Энэ оны тухайд л гэхэд өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Засгийн газар хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталсан. Сургуулийн барилгыг богино хугацаанд барьж, ашиглалтад оруулах, мөн өөр газарт байр түрээслэх зэрэг олон арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг уг тогтоолд тусгажээ. Гэсэн ч түүнээс хойш боловсролын салбарын хэмжээнд зуны амралт эхэлж, бүх зүйл мартагдсан. Харин саяхнаас л гэнэт ухаан орсон мэт гурван ээлжийг шийдвэрлэх талаар дахин ярьж эхлэв. Тухайлбал, энэ сарын 9-нд Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг дахиад л хэлэлцлээ. Улмаар он дамжуулан хэрэгжүүлж байгаа, энэ жил ашиглалтад оруулах боломжтой сургуулийн барилгуудын санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгав. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад сургуулийн хүртээмжийн талаар ийнхүү яриад, улмаар барилгуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгана хэмээн алгуурлав. Улс даяараа энэ зунжин баяр наадам тэмдэглэсэн. Үндэсний их баяр наадмаас авхуулаад аймгуудын зуун жил, бусад аймаг, сумын ой гээд тэмдэглэлт өдрүүд тасраагүй. Тэр хэрээр өчнөөн хөрөнгө салхинд хийссэн. Багагүй хөрөнгө хөшөө барих, наадмын бай шагнал тараахад зориулагдсан. Ингэж амарч, наадахын оронд уг нь нэг ч гэсэн сургууль барьж, ашиглалтад оруулсан бол хүүхдүүд арай өөр орчин нөхцөлд суралцах байлаа. Бас салбарын яамнаас эхлээд нийслэл, дүүргийн Боловсролын газрынхан нь жилийн жилд хүүхдүүд хичээллүүлэх түрээсийн байр хайдгаа зогсоох байв.
НӨХЦӨЛ БАЙДАЛ ОЙРЫН ТАВАН ЖИЛД ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ
Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 859 сургуульд 746 405 хүүхэд суралцжээ. Үүнээс 688 сургууль нь төрийн өмчийнх, бусад нь хувийн хэвшлийнх юм. “Ерөнхий боловсролын сургуулийг жилд 35 000 гаруй хүүхэд төгсөж, 80 000 орчим сурагч шинээр элсэж байна. Элсэлт, төгсөлтийн энэхүү зөрүүтэй байдал нь гурван ээлжээр хичээллэх сургуулиудын тоог нэмэгдүүлэхэд хүргэсэн” гэж албаныхан тайлбарлах болов. Өөрөөр хэлбэл, бурууг өөрсдөөсөө зайлуулж, хүн амын тоо өссөнөөс болоод л ийм байдалд хүрчихлээ гэх маягтай зүйлийг хэлж байгаа. Уг нь боловсролын салбар хариуцсан яам нь сурагчдын тоо ойрын хугацаанд хэдээр нэмэгдэх, тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, сургуулиудын хүртээмжийг яаж сайжруулах гэх мэт төлөвлөгөөг гаргаж, түүнийхээ дагуу ажиллах учиртай баймаар.
Ерөөсөө гурван ээлжээр хичээллэх нь манайд сүүлийн жилүүдэд л яригдаад байгаа сэдэв биш. 10 жилийн өмнө ч энэ асуудал тулгараад байсныг тоон мэдээллээс харж болно. Бас хүн амын, ялангуяа сургуулийн насныхны өсөлтөөс шалтгаалан манай улсад ойрын таван жилд сургуулиудын хэрэгцээ тогтмол нэмэгдэх төлөвтэй юм билээ. Ийм учраас аргалах, “гал унтраах” буюу хүүхдүүдийг шахан суулгах маягаар хичээлийн жилийг давдгаа болиод, сургуулиудын хүртээмжийг жинхэнэ утгаар нь сайжруулахад анхаарвал яасан юм бэ.