Энэ хичээлийн жилд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш хүрэлцэхээргүй төлөвтэй байна. Өнг өрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатарт төрөл бүрийн мэргэжлийн 450 гаруй багш дутагдахаар байсан. Өмнө мэдээлсэнчлэн Хөвсгөл аймгийн хэмжээнд 192 багшийн орон тоонд мэргэжилтэн хайж буй. Үүний адил бусад аймгийн төвийн болон сумын сургуулиудад багш нар шаардлагатай хэвээр. Тухайлбал, Дорноговь аймагт нийт 106 багш дутагдаж буй аж. Сайншандын I сургуульд орос хэл, физик, математик, түүх, нийгмийн ухаан, эмэгтэй сурагчдад заах технологийн багш тус бүр нэг хэрэгтэй. Орос хэлний багш нь БНСУ-д ажиллахаар явсан гэнэ. Тиймээс оронд нь тэтгэвэрт гарсан ахмад багш ажиллуулж, өнгөрсөн хичээлийн жилийг үдсэн ажээ.
Харин II сургуульд нь бага ангийн багш гурав, биологи, орос хэл, физикийн багш тус бүр нэг дутуу байжээ. Одоогоор бага ангийн багш нартай болсон ч бусад орон тоонд ажиллахаар хэн нэгэн хандаагүй гэнэ. Мөн Даланжаргалан сумын сургууль бага ангийн, биеийн тамир, эрүүл мэнд, технологийн багш нарын орон тоонд ажилд авах тухай зар түгээжэ э. Одоогоор технологийнхоос бусад орон тоо эзэнтэй болсон байна. Захирал нь “Энэ тухай аймгийнхаа Боловсролын газарт удахгүй мэдээлнэ” гэж байлаа. Увс аймгийн Боловсролын газрын даргатай холбогдож мэдээлэл авсан юм. Тэрбээр “Манай аймагт өнөөдрийн байдлаар 110 багш ажил хайж буйгаа мэдэгдэж, бүртгүүлээд байна. Бид журмын дагуу эхлээд бүгдээс нь монгол хэлний шалгалт авна. Дараа нь мэргэжлийн түвшинг тогтоож, шаардлага хангасан багш нарыг хүний нөөцдөө авах юм. Энэ хичээлийн жилд технологи, хөгжмийн багш хэд хэдэн сургуульд дутаж магадгүй. Багш нар энэ сарын 21-нд цуглана. Тэр үед багшийн хүрэлцээ хэр байх нь тодорхой болно” гэв. Энэ мэтчилэн тоочоод байвал нийт аймаг, сумд багш дутагдалтай бөгөөд есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд хаана, ямар мэргэжлийн багшгүйгээр хичээл эхлүүлэхийг одоогоор хэлэх аргагүй. БШУЯ-ны энэ асуудлыг хариуцсан газрын мэргэжилтэн нь “Урьдчилсан судалгааны дүнгээр улсын хэмжээнд ямар мэргэжлийн хэчнээн багш дутагдаж буйг тодорхойлох аргагүй. Бодит дүн наймдугаар сарын 25-наас хойш гарна. Нэгдүгээр ангийн элсэлт, мөн багш нарын шилжилт хөдөлгөөн ямар байх гээд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзсэнээр дүнг гаргах юм” гэсэн. Нэг талаас түүний зөв мэт. Хуулийн дагуу ээлжийн амралтаа эдлэхээр явсан багш нараас хэд нь үргэлжлүүлэн ажиллах, эсвэл аль нэг тийш одохыг мэдэх аргагүй. Нөгөө талаар түүний хэлснээр улсын хэмжээнд хэдэн багш дутагдахыг есдүгээр сарын 1-ний наана тодорхой болгодог юм байж. Тэгвэл хичээлийн жил эхэлж байхад ялангуяа ажиллах хүсэлтээ илэрхийлсэн багш нар төдийлөн хандаагүй аймаг, сумд хэн, ямар арга хэмжээ хэрхэн авах юм бол. Энэ ажлыг шуурхай зохион байгуулах боломж бий юү. Орон нутгийн сургуулиудын захирлуудын ярьж байгаагаар аймгийн төвд багш дутагдахад тэтгэвэрт гарсан ахмадуудтай түр гэрээ байгуулан ажиллуулж болдог аж. Сургалтыг тасалдуулахгүйн тулд ийм арга хэмжээ авдаг байна. Харин сумын сургуулиудад нөхцөл байдал хүнд. Тэтгэвэрт гарсан багш олдохгүй. Тиймээс тухайн хичээлийг өөр мэргэжлийн багшаар заалгах бол энүүхэнд аж. Өнгөрсөн жилээс аймаг бүрийн удирдлагууд ядаж 10 багшийг орон нутагтаа татаж, суурьшуулах бодлого баримтлах болсон байна. Хамгийн том хөшүүрэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээсийн орон сууцаар хангах. Энэ болзлоор аймгийн төвд л багш урих боломжтой. Харин сумын сургуулиуд өөрсдөө дотуур байртай бол түүндээ сарын 50 мянган төгрөгийн хөлсөөр суулгах, мөн мал аж ахуйтай нь өвлийн идшээр хангах зэрэг хөшүүрэг санал болгодог гэнэ . Гэсэн ч багш нар сумуудыг зорих нь ховор. Засгийн газар, БШУЯ-ны зүгээс нийслэл, орон нутгийн сургуулиудыг багшаар хангах тухайд дорвитой ажил хийгээгүй, “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга нарт “Сургуулиудаа багшаар хангах ажил зохион байгуулаарай” гэж хэлээд л орхичихсон нь орон нутгийнхны ярианаас ойлгогдож байлаа . Засгийн газрын өмнө үүрэг хүлээсэн Засаг дарга нар одоо л аймгийн төвийнхөө сургуулиудад хандаж, ямар мэргэжлийн хэдэн багш дутаж байгааг асууж, судалж буйг мэдэв. Хичээл эхлэхэд 14 хоног дутуу байхад тэд юу амлаж, хэдэн багш хаанаас олох юм бол. Б агшийн хүрэлцээтэй хамаарах бас нэгэн асуудал байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын хэлснээс үзэхэд энэ жил улсын хэмжээнд хэдэн хүүхэд нэгдүгээр ангид элсэх нь тодорхой аж.
“Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Үндэсний статистикийн хорооны, Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрын гээд үндэсний хэмжээний томоохон цахим системийнхэн мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажилладаг тул бүхий л бүртгэл ил тод, ойлгомжтой болсон” гэж тэрбээр онцолсон. Мөн “Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 40 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий. Улсын хэмжээнд 12 дугаар ангийг 35 мянга орчим хүүхэд төгссөн. Нэгдүгээр ангид элсэхээр 73 900 орчим хүүхэд бүртгүүлэх төлөвтэй байна” гэж хэлсэн. Хавар ийм мэдээлэл бэлэн байсаар атал өдийд, тухайлбал, бага ангийн багш хэд хэрэгтэйг наймдугаар сарын 25-наас хойш тодорхой болгоно гэж суугаа нь хачирхалтай. Засгийн газар, БШУЯ ядаж л сургуулиудыг бага ангийн багшаар хангах чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ аваагүйг харж болохоор. Асуулт гарч ирж байгаа биз. Эдгээр ажлыг яагаад өдийд эхлүүлэв . Зургаа, долдугаар сар бүтэн, дээр нь наймдугаар сар бараг талдаа ороод байхад л дөнгөж ярьж эхэлж буйг юу гэж ойлгох вэ. БШУЯ-ныхан сайдаасаа авхуулаад бүгд энэ зун болж өнгөрсөн 10-аад наадмыг хэсээд, ажилтайгаа гэнэт санав уу гэхээр биш байна гэж үү. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын тоо жил бүр нэмэгдсээр. 2022 онд 340 000 байсан бол энэ онд 360 000 болжээ. Дараа жил 380 000, цаашлаад 2025 онд 402 000 болох урьдчилсан тооцоо байна. Сурагчдын тоо ийнхүү нэмэгдсээр байх хэрээр ерөнхий боловсролын сургуулийн багшлах хүний нөөцийг үндэслэл сайтай, алсын хараатайгаар, цогц бодлогын хүрээнд шийдэх шаардлагатай. Энэ удаагийнх шиг аймгийн төвд 10 багш, сумын сургуульд яадаг юм билээ, идэшний үхэр өгье гэвэл ирэх болов уу гэсэн байдлаар хандаж болохгүй нь.