Өчигдрийн байдлаар нийслэлийн цөөнгүй хүнсний дэлгүүрт “Сүү” компанийн үйлдвэрлэсэн 200 грамм цөцгийн тос 7000-8000 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл 400 граммаар савласныг нь 10 000-11 000 төгрөгөөр үнэлжээ. Нийслэлийн Статистикийн газрын мэдээлэлд өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатарын дийлэнх хүнсний дэлгүүрт 200 граммаар савласан цөцгийн тос дунджаар 7300 төгрөгийн үнэтэй байсныг дурджээ. Энэ нь 2022 оны наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногийнхоос 1000, 2021 оны мөн үеийнхээс 3000 төгрөг буюу 80 орчим хувиар өссөн дүн болохыг дээрх газрын тайлангаас харж болох юм. Түүнчлэн кг цөцгийн тос уржигдрын байдлаар хүнсний захуудад 40 000-58 000 төгрөгийн үнэтэй байсан нь жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг зарим иргэн хэлэв.