МХБ-д бүртгэлтэй компаниуд 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулж буй билээ. Өчигдөр “Богд банк”, “ЛЭНДМН ББСБ” үйл ажиллагааны тайлангаа тус биржид танилцуулсан юм. I ангилалд бүртгэлтэй “Богд банк”-ны өөрийн хөрөнгө нь эхний хагас жилийн байдлаар 130.5 тэрбум төгрөгт хүрчээ. Уг үзүүлэлт сүүлийн найман жилд 7.8 дахин, жилд дунджаар 32 хувиар өссөн аж. Нийт хөрөнгө нь хоёрдугаар улиралд өмнөх жилийн мөн үеийнхээс 50 хувиар өсөж, 588.78 тэрбумд хүрсэн байна. Мөн цэвэр ашиг нь эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 88 хувиар нэмэгдэн 15.13 тэрбум төгрөг болсон гэнэ. Эл дүнг 2023 онд 29 тэрбумд хүргэхээр зорьж буй бөгөөд одоогоор ийнхүү 52 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Богд банк”-ны эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол дурдлаа.
I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” компанийн нийт зээлийн багц энэ оны эхний хагас жилд 86.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 95.2 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Нийт орлого нь 155 хувиар дээшлэн 20.7, цэвэр ашиг нь 390.4 хувиар өсөж 8.3 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Бэлтгэсэн: Б.Сонор