Өнгөрсөн өвлийн байдлаар манай улсад 71.4 сая толгой мал тоолсон нь бэлчээрийн даацаас бараг хоёр дахин хэтэрсэн дүн юм. Жилд дунджаар 15 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг ч хавар мал төллөж эхэлмэгц л эргээд тоо толгой нь өсдөг. Ийм олон малтай учраас мал, мах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэн орлогоо өсгөх боломж бий, уг нь. Монгол Улс жилд 170-180 мянган тонн мах экспортлох боломжтой гэж тооцдог ч 2018 онд л хамгийн их буюу 70 гаруй мянган тонныг гадаадын зах зээлд борлуулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Түүнээс хойш цар тахлын улмаас махны экспорт буурсан ч 2022 онд бага зэрэг нэмэгдэн 16 000 тонныг нийлүүлсэн гэнэ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 40 000 орчим тонн мах борлуулжээ. Махны экспортын хэмжээ ийнхүү өссөн нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийнхээс бусад махны экспортын квотыг тэглэсэнтэй холбоотой аж. Манай улс мал, мах, махан бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг урд хөрш, үлдсэнийг нь ОХУ, Вьетнам, Иран, Казахстан, Япон, Арабын Нэгдсэн Эмират Улсад экспортолж буй юм байна.
Улсын хэмжээнд энэ оны байдлаар мал төхөөрөх 97 цех, мах боловсруулах 81 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс мах, махан бүтээгдэхүүн БНХАУ руу экспортлох 19, ОХУ руу нийлүүлэх 33 үйлдвэр эрхээ аван, импортлогч оронтой хамтран ажиллаж буй гэнэ. Одоогоор БНХАУ, манай улс хооронд адууны түүхий, үхэр, хонь, ямааны дулааны аргаар боловсруулсан мах худалдах, худалдан авах протокол буюу нөхцөл тохирсон юм байна. Нэмээд адууны дайвар бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нийлүүлэх санал тавьсан ч одоогоор хариу ирүүлээгүй байгаа бөгөөд хоёр талаас нөхцөлөө тохирч чадвал экспортлоход бэлэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тус яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Эхний ээлжид төрийн байгууллагууд нөхцөлөө тохирсны дараа мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагаа хүргүүлдэг. Халдварт өвчний улмаас импортлогчид мал, түүхий мах авахаас цааргалдаг, протоколоо өөрчилдөг. Бид өвчлөлгүй бүс бий болгон, тэндээс бүтээгдэхүүн борлуулахыг эрмэлзэж буй.
Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаар баталгаажуулсан эрүүл бүсүүд бий болгож чадвал мал, түүхий махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой” гэв. Манайх АНЭУ-ын Дубайд махны дэлгүүр нээсэн, Ойрхи Дорнод руу халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдээлэл түгсэн. Энэ талаар Д.Довчинсүрэнгээс тодруулахад “АНЭУ-д дэлгүүр нээх хэмжээний мах нийлүүлэхгүй байгаа. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой. Тус улс руу онгоцоор тээвэрлэсэн бага хэмжээний махыг худалдааны төвийн лангуунд тавьж борлуулсан гэж ойлгосон. Монгол, АНЭУ хооронд махыг онгоцоор л тээвэрлэх боломж бий. ОХУ-ын Владивостокоор дамжуулж газраар тээвэрлэхэд нэлээд хугацаа зарцуулах учраас боломжгүй гэхэд болно. Арабууд хонины шинэ мах худалдан авах сонирхолтой. Гэхдээ халал аргаар мах бэлтгэх үйлдвэрийг нарийн судалж, стандарт хангуулж, бүр муслим шашны номлогч ирж байж мах бэлтгэх явцыг хянан, хамтын ажиллагаагаа тохирох юм билээ. Мөн өөрсдийн онгоцоор л тээвэрлэнэ үү гэхээс манайхаас уг тээврийн хэрэгслээр нийлүүлж чадахгүй учраас Ойрхи Дорнод руу махны экспорт өснө гэж одоогоор хэлэх боломжгүй” гэв.
Хил орчмын аймгуудыг хамруулсан малын өвчлөлгүй эрүүл бүс бий болгон, мал, мах экспортлох талаар яриад удсан. Тодруулбал, Хөвсгөл, Булган, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн сумуудыг холбосон эрүүл бүс байгуулах тухай ХХААХҮЯ, МЭЕГ-аас мэдээлж байв. Үүний хүрээнд ямар ажил хийж буйг МЭЕГ-аас лавлахад “Мэргэжилтнүүд одоогоор баруун аймгуудад ажиллаж байна. Малын өвчлөлгүй эрүүл бүсийг аль аймгийн ямар сумуудыг хамруулж бий болгох талаар судалж байгаа. Ер нь эрүүл бүс байгуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдана. Манайх шиг бэлчээрийн аж ахуй хөгжсөн, өргөн уудам газар нутагтай улсад эрүүл бүс бий болгон, байнгын хяналтад оруулахад бэрхшээл ихтэй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
ХХААХҮЯ-ныхан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагад (ДМАЭМХБ) хандан малын өвчлөлгүй, эрүүл бүс байгуулахад дэмжлэг, зөвлөгөө туслалцаа авахыг хүссэн юм байна. Дээр дурдсанчлан ийм бүс байгуулахад багагүй хугацаа шаардлагатай, хөрөнгө ч нэлээд зарцуулах тул гадаадын зээл, тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй аж. ДМАЭМХБ-аас хамтран ажиллах боломжтой, хамгийн гол нь хаана, ямар мал түлхүү адгуулах, экспортод юу нийлүүлэх буюу үхэр, хонь, адуу зэргээр төрөлжүүлэн маллах, мал, мах эсвэл боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэхээ шийдэх хэрэгтэйг холбогдох албаныханд илэрхийлсэн юм байна. Гэтэл үүнийг өдий хүртэл шийдээгүй, Засгийн газар, УИХ-ын тогтоол гаргуулж, журам батлуулах хэрэгтэй гэхээс өөр зүйлийг салбарын яамнаас хэлсэнгүй. Нэгэнт махны экспортыг өсгөхөд малынхаа эрүүл мэндийг сайжруулж, өвчлөлгүй, эрүүл бүс бий болгох шаардлагатай байхад алгуурлаж буйнь харамсалтай. Үүнээс гадна манай улс эрүүл мал бүхий бүс байгуулж, экспортын орлогоо нэмэгдүүлэхээр хичээсэн ч олон улсын сонирхлыг татахуйц зөөлөн, шүүслэг мах бэлтгэхэд анхаарахгүй бол ашиг багатайг мэргэжилтнүүд дурддаг. Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулиас гаргасан судалгаанд Монголд хонь, үхрийг багадаа гурван жил тэжээж байж төхөөрдөг бол хонины махны экспортоор тэргүүлэгч улсууд хургыг 6-8 сар тэжээн, 25 кг-аас дээш жинд хүргээд эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэжээ. Харин үхрийг 18 сар гартал нь зөв бордон тэжээж 400 кг-аас дээш жинтэй болгосноор зөөлөн, шүүслэг мах бэлтгэдэг талаар зөвлөмж гаргажээ.
Сонирхуулахад, дэлхийн махны зах зээлийг үхэр, гахай, шувууных гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг аж. Үүнээс гахайн мах 40, тахианых 30, үхрийнх 25 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд хүн амын хэрэглээ өссөөр өдгөө жилд бараг 300 сая тонныг хэрэглэж буй гэсэн судалгаа байна. Хэдийгээр гахай, тахианы махныхтай харьцуулахад хэрэглээ нь илүү гарахгүй ч хонь, хурганы махны эрэлт нэмэгдсээр байгаа гэнэ. Хонины зөөлөн болон хурганы махны экспортыг Шинэ Зеланд, Австрали, Голланд, ХБНГУ, Иран гэсэн таван улс тэргүүлэх болжээ. Тэдгээр нь сүүлийн гурван жилд жил бүр нийт таван тэрбум орчим ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан байна. Харин үхрийн махны нийлүүлэлтээр Бразил, Австрали, АНУ, Энэтхэг, Аргентин эхний байрт жагсан, 2021 онд гэхэд 23 тэрбум орчим фунт стерлингийн мах борлуулсныг statista.com, tradingeconomics зэрэг цахим хуудсанд дурджээ. Ялангуяа сүүлийн 10 жилд улс орнууд хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор иргэд нь эрүүл, тансаг хүнс хэрэглэхийг эрмэлзэн, үхрийн махны эрэлт, нийлүүлэлт өссөөр байгаа аж.