2023-2024 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах болон цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийн талаар өчигдөр БШУЯ-наас мэдээлэв. Улсын хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг өдгөө цахимаар бүртгэж байгаа юм. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нараас тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 1-20-нд үргэлжилж буй. Өмнөх хичээлийн жилээс эхлэн уг бүртгэлийг “E-Mongolia” болон боловсролын салбарын “ESIS” мэдээллийн системтэй холбож шийдсэн юм.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302 226 хүүхэд байгаагийн 142 798 нь нийслэлд амьдардаг. Өчигдрийн байдлаар 89 мянга гаруй хүүхдийг цахимаар бүртгүүлжээ. Хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтойг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир онцолсон. Харин хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн, түр оршин суугчдын хүүхдүүдийг ирэх сарын 11-нээс бүртгэх юм байна.
Мөн энэ хичээлийн жилд 73 900 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Ингэснээр сургуулийн нийт сурагчийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 40 мянгаар нэмэгдэх аж. Тиймээс ойрын гурван жилд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал ихэснэ гэж тооцжээ. Нийт ачааллын 50-60 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд Засгийн газраас тогтоол гаргаж, энэ онд ашиглалтад оруулах боломжтой зарим төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдэхээр ажиллаж буй юм.
Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 11- 15-нд цахимаар бүртгэнэ. Мөн энэ сарын 25 хүртэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах бөгөөд үүний дараа сургуулийн анги хуваарилалтын мэдээллүүдийг тэдэнд илгээх аж.
Улсын хэмжээнд багш дутагдалтай байгаа. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд 4800 гаруй багш дутагдах тооцоог салбарын яамнаас гаргажээ. Тиймээс багш бэлтгэдэг сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг хичээлийн жилийн эхэн үед сургууль, цэцэрлэгт дадлагажуулах аж.
Бэлтгэсэн: Б.Оргил