“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Эл уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан. Түүнчлэн эл жүжгийн гол дүрээр жүжигчин О.Энхтуул оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчнээр тодорсон. Тэгвэл “Broadway” театрын алдарт бүтээл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар дахин тоглохоор болжээ. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгийг ирэх есдүгээр сарын 1-нээс МҮЭСТО-нд толилуулах аж. Сэтгэхүйн комеди драм төрлийн эл жүжгийн гол дүрд О.Энхтуул, бусад дүрд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглоно. Хүнлэг сайхан сэтгэл гээч хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэлийг бид хэн нэгнээс өвлөж авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу. Хүнтэй нь биш хөрөнгө мөнгөтэй нь, хүн сэтэлтэй нь биш хүсэмжит биетэй нь амьдрах болсон энэ цаг үед хүний сайхан сэтгэл ямар дүртэйг, түүнээс ямар чимээ гардгийг “Бүгд чамд хайртай” жүжгээс үзээрэй.