Эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг энэ оны 1-6 дугаар сарын байдлаар гаргаснаа УУХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого эхний зургаан сарын байдлаар 11.05 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.05 их наяд буюу 38.2 хувиар өссөн. Энэ хугацаанд эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.7 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 1.92 их наядаар (2.1 дахин) нэмэгджээ. Үүнийг салбараар нь ангилбал уул уурхай, олборлох 3.51 их наяд (31.8 хувь), газрын тос 143.7 (1.3), тусгай зөвшөөрлийн төлбөр 15.8 (0.1), бусад орлого 28.6 тэрбум төгрөгийг нь (0.3) эзэлсэн аж.
Дийлэнх ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2022 оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, нүүрсээс 1.48 их наяд төгрөг (3.6 дахин өссөн дүн) төвлөрүүлсэн гэнэ. Мөн зэсээс 235.6 (25.1 хувиар нэмэгдсэн), цайраас 29.6 (55), төмрөөс 7.7 (28.9), алтнаас хоёр (1.8), бусад ашигт малтмалаас 18.1 тэрбум төгрөг (50.6) бүрдүүлснийг статистикаас харж болохоор байв. Харин хайлуур жоншноос төсөвт 0.02 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 0.2 хувиар буурсан гэсэн үг.
Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн талаар УУХҮЯ-наас мэдээлсэн юм. Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 159 221 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 бензиний 3736 (22), АИ-92-ын 49 930 (40), АИ-95-ын 3388 (25), дизелийн түлшний 96 660 тоннын (39) нөөцтэй байсан гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 89 304 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан дүн гарчээ. Үүний 795 тонн нь А-80, 28 695 тонн нь АИ-92 (30 хоногийн), 2069 нь АИ-95 (28), 52 323 нь дизелийн түлш (44) буюу хэвийн нөөцтэй байсан аж. Манай улс энэ он гарснаас хойш 1.49 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.45 сая баррель газрын тос үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2.37 сая баррель буюу 32.8 дахин илүү үзүүлэлт гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор