Оюутан цаг бол хүний амьдралын хамгийн чухал үеүдийн нэг. Энэ үеэс аливаа зүйлийг эргэцүүлэх чадвар эзэмшиж, бусдаас хараат бусаар шийдвэр гарган, бие хүн болон төлөвшиж, амьдрах ухаанд суралцдаг билээ. Удахгүй нэгдүгээр курст элсэх оюутнуудад зориулж их сургуульд суралцах хугацаанд цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх, цаашлаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэе.
ХИЧЭЭЛҮҮДЭЭ “ШАХАХ” БОЛОМЖТОЙ
Зарим сургуулийн оюутнууд хичээлийн хуваариа өөрөө сонгодог. Хэрвээ танай сургууль хуваариа өөрөө сонгох боломж олгодог бол хичээлүүдээ 2-3 өдөрт шахан үзэх арга байдгийг энд дурдъя. Үлдсэн өдрүүдийг номын санд суух, жүүлэх зэрэгт зарцуулах боломжтой. Мөн хийх зүйлсээ өдөр өдөрт нь, эсвэл долоо хоногоор төлөвлөж, түүнийгээ гар утасныхаа тэмдэглэл хэсэгт жагсаалт байдлаар оруулан, тухай бүрт нь хэрэгжүүлбэл үр дүнтэй. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул.
САЙН ДУРЫН АЖИЛ ОЛОН ЧАДВАРТ СУРГАДАГ
Олон нийтийн, тэр дундаа сайн дурын ажилд оролцох нь өөрийгөө нээх, давуу талаа олж мэдэхэд тусалдаг. Мөн цаашид гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцахад чухал шалгуур үзүүлэлт болдог. Тодруулбал, таны хэдэн медаль, шагнал авсан нь тэтгэлэг авахад тийм ч чухал нөлөө үзүүлэхгүй. Харин олон нийтийн ажилд хэрхэн оролцсон нь түлхэц болдог. Иймээс их сургуульд орсон цагаасаа сайн дурын ажил, үйл ажиллагаанд аль чадахаараа оролцохыг зөвлөе. Үүний тулд сайн дурынхны хөгжлийн төвөөр дамжуулан тухайн цаг үед болох үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Бас бүх их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг “Uncage” хэмээх клуб бий. Тус клуб намар болон хавар шинэ гишүүдээ хоёр шаттайгаар шалгаруулж авдаг.
ИХ СУРГУУЛИЙН КЛУБҮҮДЭД ХАМРАГДААРАЙ
Их сургуулиудын дэргэд олон клуб үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс нэгийг нь сонгоод элсээрэй. Гэхдээ нэр төдийхнөөр бус, хийж байгаа зүйлдээ дуртай, зүтгэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал, их сургуулиудад мэтгэлцээний олон клуб байдаг. Үүгээр дамжуулан мэтгэлцээний дотоодын болон олон улсын тэмцээнд оролцох боломжтой. Мөн оюутны холбооноос зохион байгуулж байгаа ажлуудад оролцож, гишүүнээр элссэн ч болно. Энэ нь өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ өргөжүүлэх боломж юм. Магадгүй та тэндээс сайн найзуудаа олж болно. Их, дээд сургуулийн клубүүд нь ихэвчлэн намар гишүүд элсүүлдэг.
ТЭТГЭЛГИЙН ТАЛААРХ ЦОГЦ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭГЧ
Нэгдүгээр курсийн оюутнууд хамрагдах боломжтой тэтгэлэг цөөнгүй байдаг. Тухайлбал, “Хаан банк” ны нэрэмжит “Шинэ оюутан”, Ажиа гэгээний нэрэмжит “Зөв”, “Монголын андууд” ТББ-ын, “Шинэ Монгол мабүчи” сангийн тэтгэлгийг дурдаж болно. Эдгээрт хамрагдах хүсэлт заавал гаргаарай. Тэтгэлэг нь сургалтын төлбөрийн, манлайллын, дадлага ажлын, сайн дурын ажлын, тэмцээний, санхүүжилт олгох гэх мэт олон төрөлтэй. Монголын болон олон улсын бүх төрлийн тэтгэлгийн мэдээллийг “Тэтгэлэг” аппликэйшнээс тогтмол авахыг зөвлөе. Тэтгэлэгт хамрагдсан оюутан голч дүнгээ тогтмол 3.5-аас дээш байлгах шаардлагатай.
АВТОБУСНЫ КАРТАА ЦАХИМААР ЗАХИАЛНА
Хэрэв анх удаа оюутны “Umoney” карт захиалах гэж байгаа бол “Улаанбаатар смарт карт” компанийн сайтад нэвтрэн, анкет бөглөх ёстой. Мөн оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, суралцах эрхийн бичиг, онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний хуулбар зэргийг хавсарган, сургуульдаа өгөх аж. Ингэснээр тодорхой хугацааны дараа сургуулиараа дамжуулан картаа авах юм.
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Хэрвээ та шинэ оюутан бол “Rise” хөгжлийн хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна. Энэ хөтөлбөр нь амьдралын гараагаа эхлүүлж, оюутны амьдралд хөл тавьж буй залууст орчиндоо хурдан дасах, хотын болон бусад олон төрлийн соёлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь хөтөч болдог. Цаашлаад тогтвортой, хувийн зохион байгуулалттай, бие даасан оюутан болоход нь туслах зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагааг хичээлийн жилийн турш зохион байгуулдаг.
НОМЫН САН БОЛ ТӨГС ОРЧИН
Чөлөөт цагаараа номын санд сууж, үзсэн хичээлээ бататгах нь олон талын ач холбогдолтойг ойлгодоггүй хүн үгүй. Гэсэн ч оюутнууд ихэвчлэн шалгалт ойртсон үед номын санд суудаг. Унших, хийх зүйлсээ аль болох эртнээс буюу хичээлийн шинэ жил эхэлсэн цагаас хийж дадаарай. Ингэснээр анхаарал сайн төвлөрч, үр бүтээмж сайжирдаг. Олдохгүй ховор ном хүртэл номын санд байдаг. МУИС-ийн номын сан 24 цагийн турш ажилладаг бөгөөд бүх сургуулийн оюутнууд карт нээлгэн, үйлчлүүлэх боломжтой. Мөн оюутан, залуус тав тухтай, чимээгүй орчинд ганцаараа төвлөрч, хичээл болон багийн ажлаа хийх боломжтой. Ийм зориулалттай сургалтын өрөө, оффисууд МУБИС-ийн ойролцоо олон байдаг. Эдгээрийг өдрөөр түрээслэх боломжтой. Бас сараар болон жилээр түрээсэлдэг бөгөөд энэ нь илүү хямд байдаг юм билээ.
АЖИЛ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛ
Ажил, амьдралын тэнцвэртэй байдал нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд нөлөөлдөг маш чухал хүчин зүйл. Хэдийгээр их сургуульд суралцах гол шалтгаан нь эрдмийн зэрэг авах боловч өөрийгөө нээж хөгжүүлэх, насан туршийн найзуудтай болох нь ч чухал. Иймээс хичээл сургуулиасаа гадна бусад зүйлдээ ч цаг заваа зарцуулах хэрэгтэй.
ТЭМДЭГЛЭЛЭЭ СИСТЕМТЭЙГЭЭР ХӨТӨЛЬЕ
Оюутан хүний хамгийн чухал дадал бол тэмдэглэл хөтлөх үйл явц байдаг. Ойлгосон, сурч мэдсэн, цаашдаа судлах зүйлсээ сайн тэмдэглэх нь зөвхөн хичээлд ч бус, амьдралд олон талаар хэрэг болдог. Зөөврийн компьютер ашиглан тэмдэглэл хөтлөх нь гараар бичихээс илүү хурдан, хялбар байж болно. Гэвч гараар тэмдэглэл бичих нь лекцийн агуулгыг илүү сайн санахад тусалдаг.
ХЭЛНИЙ МЭДЛЭГ САЙЖРУУЛДАГ АППЛИКЭЙШН
Залуучуудад англи хэлтэй болох хэрэгцээ улам нэмэгдэж байна. Тухайн мэргэжилдээ хэчнээн сайн байлаа ч англи хэлний чадвар тааруу байх нь карьерын хувьд өсөж хөгжихөд саад учруулдаг. Мэдээж англи хэл сайн сурах арга барил, боломж нөөц хүн бүрт өөр. Тиймээс тухайн нөхцөлдөө тааруулаад хичээхээс өөр аргагүй. Үүний тулд гадаад хэлээр ном унших нь чухал. ас бие дааж, мэргэжлийн, эсвэл сонирхдог зүйлсийнхээ чиглэлээр ном унших нь илүү үр дүнтэйг туршлагатай оюутнууд зөвлөсөн. Хэрэв сургалтад суух цаг, төлбөргүй бол “Speaky” аппликэйшнийг ашиглах боломжтой. Үүгээр дамжуулан 180 орны 110 орчим хэлээр харилцаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй онлайнаар ажил, амьдрал, сонирхлынхоо талаар ярилцаж болох юм байна. Ярианы дадлагаас гадна дүрмийн болон үгсийн сангийн олон төрлийн дасгал ажиллахыг хүсвэл “Duolingo” аппликэйшнийг утсандаа суулгаад үзээрэй. Ингэснээр үдийн цайны цагаар болон замын түгжрэлд хэлээ сайжруулж чадна.