Хиймэл оюун ухааны бүтээл болох “хүн” буюу дижитал дүр хүмүүсийг төөрөгдөлд хүргэж, зарим талаар тэнэг болгож байгаа талаар олон улсын шинжээчдийн багийнхан сэрэмжлүүлж байна. Өнөөдөр нийгмийн сүлжээ, интернэт хэрэглээ хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Үүнгүйгээр амьдарч чадахгүй болсон хэсэг бүлэг, бүр нийгмийн үе давхарга ч бий. Энэ нь сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хямралд хүргэдэг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Сүүлийн үед нийгмийн сүлжээнд янз бүрийн үйл явдал өрнөж, чиг хандлага, трэнд, тэр ч бүү хэл ухагдахуун болтлоо хөгжиж буйн нэг нь хиймэл оюун ухааны бүтээсэн, амьд хүмүүсээс ялгах боломжгүй шахам “бүсгүйчүүд” юм. Судлаачид үүнийг “Нийгмийн сүлжээн дэх шинэ аюул заналхийлэл-роботуудын ноёрхол” хэмээн тодотгожээ.
Усны хувцас, гоёмсог даашинзтай зургаараа нийгмийн сүлжээнд америкчуудыг байлдан дагуулж буй нэгэн бүсгүй бий. “ТикТок”-т100 000 гаруй, “Инстаграм”-дбараг 60 000 дагагчтай тэр эмэгтэй үнэндээ бол бодит бус буюу хиймэл оюуны бүтээсэн дүр юм. Тэрбээр өөрийгөө “хиймэл оюун ухаантай робот” гэж тодорхойлсон байдаг ч түүнийг хүнтэй андуурч, сэтгэл алдрах залуус нэмэгдсээр. Америкийн блогчин, судлаач Милла София тэрхүү зохиомол бүсгүйн талаар “24 настай виртуал нөлөөлөгч, загвар өмсөгч” гэж тодорхойлсон ч үзэгчдийн сонирхол буураагүйгээр барахгүй нэмэгдэх хандлагатай. Нийгмийн сүлжээнд хүмүүс тайлбарыг уншдаггүй, зүгээр л үзэсгэлэнтэй эмэгтэйг хараад шууд сэтгэгдэл үлдээдэг. Зарим нь бүр харилцаа холбоотой байхыг хүсэж тэмүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн энэ мэт “хэрэглэгч” олон нийтийн мэдээллийн хэрэгсэл төдийгүй дижитал болзох ертөнцөд, трэнд болж байна. Өнгөрсөн оноос энэ нь илүү хүчээ авч байгаа гэнэ.
Болзооны сайтуудын харилцагч, хэрэглэгчдийн заримыг хиймэл оюун ухаан уу, эсвэл амьд хүн үү гэж ялгах боломжгүй болж байгааг мэргэжилтнүүд тайлбарлав. Интернэт хэрэглээнд ийнхүү хэн болох нь танигдахгүй үзэгдлийг catfishing буюу муур загасчлах хэмээн нэрлэдэг. Нэр томьёоны хувьд нийгмийн сүлжээн дэх хуурамч профайлаар дамжуулан онлайнаар болзож, бусдыг хууран мэхлэх оролдлого гэсэн үг аж. Муурын “ав” болзох ертөнцөд хүч авч байгаа нь туйлын хортой гэнэ.
Ийм “тохируулга” нь хэд хэдэн зорилготой. Хамгийн аюултай нь үг, үйлдлээр хүнийг татаж, дараа нь түүнээс мөнгө шаарддаг улиг болсон луйвар. Ийм “харилцагчийн” хохирогч сүүлийн ганц жилийн хугацаанд хэдэн саяар тоологджээ.
Заримдаа виртуал “хүмүүс” жинхэнэ хүмүүсийн хуулбар байж, захиалагчдыг татахын тулд “аватар” болж чаддаг. Жишээлбэл, Америкийн алдартай блогчин Карин Маржори (“Snapchat” нийгмийн сүлжээнд хоёр сая дагагчтай) “CarynAI” хэмээх, хиймэл оюун ухаантай дижитал ихэртэй болсон бөгөөд итгэл үнэмшилтэй болгохын тулд өөрийнхөө видео бичлэгүүд болон бичвэрүүдээрээ “тэжээдэг” байжээ. Эл хиймэл оюун ухааны хамтрагчтай виртуал харилцаа үүсгэхийн тулд минут тутам нэг ам.доллар төлөх ёстой.
Энэ ертөнцөд эдийн засгийн гэхээсээ илүүтэй эрүүл мэнд, сэтгэцээрээ хохирох аюултай. Хиймэл оюун ухаан, сэтгэл судлалын салбарынхан ийм “тоглоомын” үр дагавар нь маш гунигтай төгсөх өндөр эрсдэлтэйг сануулжээ. Хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн “Eden” зөвлөх фирмийг үүсгэн байгуулагч Алекса Эден “Сошиал ертөнцөөс гоо сайхны стандарт хайгчид бодит амьдрал дээр бодит хүмүүстэй уулзаж чадахаа больдог. Ийм залуус эмэгтэйчүүдийг төгс харагдах ёстой гэж бодох болно. Хиймэл оюун ухааны тархалт нь сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн хямралд хүргэнэ гэдгийг бид аль хэдийн мэдэрч, харж байгаа ч зогсоох боломж байхгүй. Нийгмийн сүлжээ дижитал сүнсээр дүүрсэн” гэжээ.