Монложистикс Холдингийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбаттай ярилцлаа. Тэрбээр олон нийтэд тээвэр ложистикийн салбарт 2023 оны хагас жилд өрнөсөн үйл явдал болон төмөр зам, авто тээврийн үнэ, нийт орлого, ирээдүйн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгсөн билээ.
-2023 онд тээвэр ложистикийн салбар нэлээд ололттой байлаа. Хагас жилийн байдлаар танай салбарт хэр өөрчлөлт гарав. Оны төгсгөлд салбарын орлого хэд хүрнэ гэж таамаглаж байна даа?
-Салбарын хувьд олон түүхэн үйл явдлууд хөвөрсөн хагас жил өнгөрлөө. Тухайлбал, Нарийн сухайт-Шивээ хүрэн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тээвэр ложистиктой холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүд гарсан. Төмөр замын зүүн коридор Чойбалсан-Бичигтийн төмөр замын санхүүжилт шийдэгдсэн, 2022 онд барьсан төмөр замуудын хилийн холболтыг Хятадын талтай зөвшилцөж, шийдэхээр боллоо. Нэмээд саяхан Зүүнбаян төмөр замыг улсын комисс хүлээн авч, бүрэн ашиглалтад оруулсан нь бас л түүхэн үйл явдал. Гүйцэтгэлийн хувьд ч дээд амжилт тогтоосон хагас жил өнгөрлөө. Түрүү жилийн эхний хагастай харьцуулахад энэ жилийн эхний хагаст нийт 45 сая тонн ачаа тээвэр хийж гүйцэтгэл 100 хувь буюу хоёр нугарсан үзүүлэлттэй гарсан. Задлаад хэлбэл, экспорт гурав нугарч, 200 хувиар өслөө. Импорт 17, транзит тээвэр 67 хувиар нэмэгдсэн. Түрүү жил бага тээвэр хийсэнтэй холбоотойгоор энэ жил өсөлт их харагдав уу гэвэл үгүй юм. Манай улс хамгийн их экспорт хийсэн үе нь 2019 он бөгөөд 45 сая тонн нүүрс болон зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргасан. Харьцуулахад 2023 оны хагас жилд бид 33 сая экспорт хийчихлээ. Энэ эрчээрээ он дуусахад 66 саяд хүрч, 2019 оны рекордтой харьцуулахад экспортоо 50 хувиар өсгөх боломж харагдаж байна. Транзит тээвэр өссөн нь хагас жилийн хувьд бас л дээд амжилт. ОХУ өнөөдрийн байдлаар барууны улсуудын хараанд байна. Дийлэнх худалдаагаа БНХАУ-ыг түшиглэн авч буй. Тиймээс эл хоёр улсын хоорондох ачаа тээврийн урсгал нэмэгдсэн. ОХУ, БНХАУ хоорондын ачаагаа солилцохдоо Монгол, Зүүн, Казахстаны гээд гурван коридор ашигладаг. Маш их эрэлттэй, ачааллаа дийлэхгүй шахам ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам боломжийг зөв ашиглаж, хүчин чадлаа нэмж, транзит тээврийн үйлчилгээ экспортолж, мөнгөн урсгалаа нэмж, багагүй өсөлт үзүүлсэн. Оны төгсгөлд тээвэр ложистикийн салбарын орлого багагүй хувиар өснө хэмээн харж байна.
-Хагас жилд чамгүй амжилт гаргажээ. Монгол Улсын тээвэр ложистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнээд хэлж болох уу. Төмөр зам, автозамын хэтийн төлөвийн талаар ярилцъя?
-Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт гэрэл ассан. Сайхан цаг үе ирэх эерэг дүр зураг байна. Манай салбар 60, 70 жил орхигдсон, дэлхийн хөгжлөөс нэлээд хоцорсныг өмнө нь танай сонинд өгсөн ярилцлагад дурдсан. Сүүлийн жилүүдэд маш сайн анхаарч, бүх түвшиндээ ажилласны хүчинд өгөөж хүртэж эхэлсэн. Зөв чиг рүүгээ явж байна. Энэ зөвхөн эхлэл. Цаашид барууны хөгжингүй орнуудын зэрэгт эл салбарыг аваачихын тулд дахиад 10-15 жил тасралтгүй хөгжүүлж, сайжруулж, бүтээмжээ өсгөх, шинэчлэл авчрах ёстой. Жишээ хэлэхэд, 1870-аад онд АНУ-ын хөгжил манай өнөөдрийн түвшинд хэдийн хүрчихсэн, төмөр замууд шинээр тавьж, эдийн засгийн өсөлт хурдассан. Далайд гарцгүй манай орны хувьд төмөр зам их чухал дэд бүтэц. Тиймээс төмөр замаа байнга хөгжүүлэх нь чухал. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд нэг талаас олон төмөр зам хоорондоо хоршиж ажиллах зохицуулалт, нөгөө талаас нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Автозамын тээврийн өнөөгийн дүр төрхийн хувьд өнгөрсөн хугацаанд Хятадын хилийн нөхцөл байдалтай холбоотойгоор манайхан ачаалалгүй шахам байлаа. Энэ жилээс автозамын тээвэр өндөр ачаалж эхэлсэн. Нэг талдаа нүүрсний тээвэр, нөгөө талдаа Эрээн-Замын-Үүдээр оруулах импортын ачаа бараа өссөн.
-Замын-Үүд боомт нэлээд ачаалалтай. Зорчигч урсгалаас гадна ачаа тээврийн бөөгнөрөл их байна. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?
-Нийт ачаа урсгалын 60-70 хувийг нь нэвтрүүлдэг учраас Замын-Үүд чухал боомт. Замын-Үүд боомтын ачаа урсгал энэ жилээс өссөн нь дээр дурдсан авто тээвэр буцаад гарч ирсэнтэй холбоотой. Нэгдүгээрт, эл боомтыг өргөжүүлэх шаардлагатай, хоёрдугаарт нэг боомтоос ийм их хамааралтай, ачаалалтай ажиллуулах нь зарчмын хувьд буруу. Тэгэхээр бусад боомтоо хилийн хэлэлцээрийн дагуу статусыг нь өөрчлөх, зөвхөн ачаа тээвэр биш транзит болгох, импортын ачаа авдаг болговол Замын-Үүд боомтын ачааллыг хуваалцдаг болгох хэрэгтэй болов уу. Жишээ нь, Хятад талаасаа дэд бүтэц нь шийдэгдсэн манай хэд хэдэн боомт бий. Замын-үүд-Эрээнээс гадна Хятадын талаас Ханги-Мандал руу төмөр зам очсон, Монголоос ч төмөр зам тавьсан, холболт дутуу. Гашуунсухайт Ганц модны боомтод хоёр талаасаа төмөр зам тавьсан. Хилийн холболт хийгээгүй. Сэхэ, Шивээхүрэн, Бургастай боомт руу ойрхон төмөр зам Хятадын талаас хэдийн тавьсан. Бичигт, Зүүнхатавч их чухал боомт. Монгол дотооддоо дэд бүтцээ шийдэж чадвал гаднаас олон төмөр зам ойрхон байгаа. Заавал Эрээн-Замын-Үүдээр нэвтэрдэг биш бусад бүх боомтоор нэвтрээд явах боломж бий. Ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж, хүлээж байна.
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна Боомтын сэргэлтийн үндэсний хороотой боллоо. Төр засгийн бодлого шийдвэр танай салбарт хэр хүрдэг вэ, уялдаж байна уу?
-Ерөнхий дүр зургаараа бол дээрээс бодлого шийдвэрээ маш зөв гаргаж байна. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны бодлогыг нэлээд ул суурьтай баталсан. Олон чухал төсөл боловсруулсан. Одоо гаргасан бодлогоо ажил хэрэг болгох нь чухал. Эхнээсээ гурван том төмөр замаа байгуулчихлаа, дөрөв дэхээ барьж байна, тав дахиа төлөвлөөд, санхүүжилт босголоо. Төмөр замаа барьсны дараа бүтээмжтэй, менежментээр хангаж, ажиллаж, үр өгөөжөө өгнө гэдэг дараагийн асуудал. Маш их хөрөнгө оруулж барьчихаад төмөр зам дээгүүр юу ч явахгүй бол утгагүй. Тиймээс төмөр замаар зогсолтгүй ачаа тээвэрлэж байж үр дүнд хүрнэ. Гурав дахь эл алхам руугаа төр орох гээд зүтгэж байна. Гэхдээ төр, хувийн хэвшлийн зүгээс учраа олохгүй, ойлгомжгүй, тодорхой зүйл их бий. Төр төмөр замууд барьснаа тарифыг нь тонн тутамд 3.5 центээр тогтоосон. Тэрхүү 3.5 цент гэдэг УБТЗ-аас гурав, дэлхийнхээс хоёр дахин үнэтэй тариф юм. Хэт өндөр үнэ шүү дээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ түрүү жилийн эхний хагаст их үнэтэй, түүхэнд байхгүй өндөр хэмжээнд хүрсэн. Энэ жилийн эхний хагаст нүүрсний үнэ буурсан. Хямд үнэтэй нүүрсийг төмөр замаар зөөвөрлөхөд Хятадын талд очихоор алдагдалтай. Хэн ийм алдагдалтай бизнесийг хүсэх юм бэ. Улмаар төмөр зам нь ямар ч ачаагүй болчихсон. Одоогийн төмөр зам 10-15 хувийн ашиглалттай байна. Ачаа тээвэрлэх энэ их орон зайг яах вэ. Энэ чинь маш их боломж шүү дээ.
-Тээвэр ложистикийн салбарт ам.долларын орлого хэд орчимд эргэлдэж байна вэ?
-Үндэсний статистикийн хорооны дата мэдээллээр манай салбар өмнөх жил хоёр их наядын зах зээлтэй гарсан. 2023 оны хагас жилд манай зах зээл 1.5 их наядад хүрсэн. Оны төгсгөлд гурав руу хүрэх хандлагатай. Салбарын орлогын 80 орчим хувь нь гадаад валютаар ордог. Гурван их наядын 80 хувь гэхээр манай салбарын зах зээлд ойролцоогоор 2.4 их наяд буюу 650 сая ам.доллар эргэлддэг гэж болно.