Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны Ёс зүйн хороо “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй холбоотой ёс зүйн зөрчлийн талаар хуралдаж, үнэт цаасны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх бүхий мэргэжилтний хувьд ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнээд нийтэд мэдээлэх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, Хаан банкны олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох төслийн анхдагч зах зээлийн арилжааны үеэр дэд андеррайтер болох “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нь “Өнөөдөр ХААН IPO-с авахын тулд байгаа хувьцаагаа зарж мөнгөө бэлдэх эцсийн хугацаа” гэх мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлсэн. Энэ нь “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт”-ын 2.1-д заасан зарчим, 3-р зүйлийн 3.3.3, 3.5, 3.7.1 заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. “Монголын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт”-ын 5.1.3-т "Олон нийтэд илэрсэн зөрчлийн талаар нээлттэй мэдээлэх" гэж заасан хариуцлагын арга хэмжээг авлаа. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн дотоод мэдээллийг түгээхтэй холбоотой үйл ажиллагааг хуулийн хүрээнд мөрдөж ажиллахыг нийт мэргэжилтнүүдэд анхаарууллаа. Ёс зүйн хороо нь энэ төрлийн ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой хэд хэдэн тохиолдлыг шалгаж байна.