Газрын тосны хэрэглээ өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлагийнхан тооцоолсноо мэдээллээ. Тодруулбал, уг түүхий эдийн эрэлт энэ сард түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй аж. Улс орнууд зургадугаар сард өдөрт 103 сая баррель бүтээгдэхүүн хэрэглэсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Тэгвэл энэ сард дээрх тоо үүнээс ч нэмэгдэх төлөвтэй төдийгүй томоохон экспортлогч Саудын Араб, ОХУ-ын нийлүүлэлт багасаж болзошгүй гэнэ. Түүнчлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) энэ оны хоёрдугаар хагаст “хар алт”-ны ханш буурахгүй хэмээн төсөөлж байгаагаа мэдэгдсэн юм.
Ийм мэдээлэл цацагдсаны дараа эл таваарын үнэ баасан гарагт үргэлжлэн дээшиллээ. Улмаар уг таваарын ханш сүүлийн 49 хоног дараалан нэмэгдсэн тухай “Reuters” дамжуулав. Баасан гарагт “Brent” маркийн баррель нефтийн үнэ 86.8, WTI төрлийнх нь 83.1 ам.доллартой тэнцсэн юм. Эдгээр нефтийн ханш энэ он гарснаас хойших дээд түвшиндээ хүрснийг шинжээчид дурджээ.