Математик-байгалийн ухааны, байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар болжээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт математик-байгалийн ухааны, Хан-Уулд ХААИС-ийг түшиглэн байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар зорьж байгаа гэнэ. Цаашид эдгээрээс гадна нийгэм-хүмүүнлэг, соёл урлаг, техник, технологи гэсэн таван чиглэлээр төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд заавал судлах болон сонгох, гүнзгийрүүлэн үзэх хөтөлбөртэй байх нь. Заавал судлах хэсэг нь сурагчийг тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.
Уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд ахлах сургуулийн бүх сурагч судлах аж. Сурагчдад шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмшүүлж, иргэний болон нийгмийн үнэт зүйл, бие даан бүтээлчээр суралцах чадвар олгох нь эл хөтөлбөрийн зорилго юм. Сонгон судлах хөтөлбөр нь суралцагчийг цаашид тухайн салбараар мэргэшүүлэн, хувь хүний хөгжилд шаардлагатай төлөвшил, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэжээ. Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрөөр тухайн суралцагчийн цаашдын ажил мэргэжил, амьдралын замналыг баримжаалах бөгөөд I, II, III түвшинтэй байх гэнэ. Тус хөтөлбөрийн агуулга нь сурагчид шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалж, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж суралцах, сонирхсон, сонгосон чиглэлээрээ авьяас, давуу тал, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Энэхүү хөтөлбөрийг их сургууль, коллеж, МСҮТ-тэй хамтран боловсруулж, хэрэгжүүлэх аж. Суралцагчийн заавал болон сонгон судалсан хичээлийг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, гүнзгийрүүлэн судалсан хичээлийг диплом, мэргэжлийн зэргийн батламжаар баталгаажуулах юм байна.