Авто замуудаа чанартай тавьж чаддаггүй, засвар, арчлалтыг нь тогтсон хугацаанд стандартын дагуу хийж хүчирдэггүй манай улсад энэ зуны бороо их хэмжээний хохирол дагуулж, ажил нэмлээ. Олон улсын, улсын чанартай гэж тодорхойлоход ч ичмээр, их засвар хийлгүй өчнөөн жил болсон, энд тэндгүй эвдэрч хагарсан, жолооч нарын уур бухимдлыг бардаг замууд үерийн усанд автаж, сүйдсэнээс муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгч болжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр баруун хязгаарын нутаг Ховд аймгийг зорьж, 3500 орчим км зам туулахдаа үүнийг анзаарлаа. Баруун бүсийн буюу Говь-Алтай аймгаас Ховд хүртэлх замын дардан, өө сэвгүйг хэлэх юм биш. Гадаадын аль нэг оронд зорчиж байна уу гэлтэй л санагдаж байв. Жолооч нар “Бартаа саадгүй, шулуун зам дээр явахаар сэтгэл амраад, нозоороод унтчих гээд байх юм” гэж хошигнох, сэрэмжлүүлэхийн дундуур нэгэндээ захидаг юм билээ. Харин түүнээс наашлах тусам буюу Баянхонгор аймгаас эхлээд бартаат уралдааны талбар шиг л энхэл донхол, саад тотгортой болж байлаа. Борооны улмаас үүссэн “шарх сорви”, “хиймэл нуур” ч зорчих хэсэгт цөөнгүй харагдлаа. Өвөрхангайн зам гэхэд л шүүрэн шанага шиг олон нүхтэй болжээ.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замыг 1986 онд барьж, 1992 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ нь нийслэлийг баруун долоон аймагтай холбодог гол зам бөгөөд өдөрт дунджаар 5000 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн статистик бий. Зорчих хөдөлгөөний ачаалал их, хүнд машин механизм үргэлжхолхидог учраас хагарал, эвдрэл байнга үүсдэг. Тэр бүрт нь хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж, дорвитой засаж тордолгүй, аргацаах төдий ажил хийсээр ийм байдалд хүргэсэн юм. 371-431 км-ийн хоорондох буюу хамгийн их эвдрэлтэй, осол байнга гардаг, орон нутгийнхны “Жаргалгүй 60 км” гэж нэрлэдэг хэсгийг хэдэн он дамнуулан сунжруулж, хэрүүл тэмцэл болж байж өнгөрсөн жил зассан ч өнөөх нь борооны ая даалгүй захаасааэвдэрч, зарим хэсгээрээ суужээ. Цагдаа нар их хэмжээний бороо орсон үед Нарийнтээлийн гүүр орчмын хөдөлгөөнийг зохицуулж, том оврын машин, олон тээврийн хэрэгслийг нэг зэрэг гаргахгүй байв.
Мөн Арвайхээр сумын нутаг дахь “Монгол түмний морины их шүтээн” цогцолбор орчмын зам усанд автсанаас энд тэндгүй сэтэрч, ховхорчээ. Замын хажуугаар нуур аятай ус тогтсон, эвгүйхэн явбал “хажуулдуулчихаж” мэдэхээр хэсгүүд ч дайралдлаа. 20 орчим жил бүрэн гүйцэд их засвар хийгээгүй Өвөрхангайн замыг энэ зуны бороо улам дордуулжээ. Үүнээс гадна Дорнодын “Тамын 50”, Хэнтийн “Тарамгайбаатарын зам”, Лүн, Эрдэнэсантын “Урсдаг зам” хэмээх нэрээрээ олон танигдсан “хар цэг” бүхий хэсгүүд ч хур тунадаст угаагдаж, их хэмжээгээр эвдэрчээ. Түүнчлэн борооны улмаас замын хөвөө, далангийн хажуу эвдэрсэн, гүүр, гүүрэн байгууламжийн дам нуруу гулзайсан, тулгуур нь унасан, зорчих хэсэгт суваг шуудуу үүссэн тохиолдол хаа сайгүй гарч байна. Хөдөөаялал зугаалгаар явж буй иргэд нэгэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс замын эвдрэлийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулж, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хаягласан бухимдал, гомдлын үгийг хайр гамгүй дайх боллоо. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас аргагүй юм. Нийслэлд ч ийм шалтгааны улмаас эвдэрч, нүх, хагархайтай болсон зам өчнөөн бий.
Энэ зуны борооноор хэчнээн км зам эвдэрсэн, тэдгээрийг хэзээ засахаар төлөвлөснийг ЗТХЯ-ныхнаас тодруулахад “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ луу чиглүүллээ. Эднийх олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцдаг юм байна. Тус байгууллагаас өгсөн мэдээллээр энэ оны тавдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 3 хүртэлх хугацаанд хур тунадаснаас үүдэлтэйгээр авто зам, замын байгууламж эвдэрсэн 35 тохиолдол бүртгэгдсэн юм байна. Үүний зонхилох нь долдугаар сард болжээ. Тус хэсгийг хариуцсан авто замын засвар, арчлалтын компаниуд тухай бүрт ээлжит засварыг цаг алдалгүй хийсэн гэж мэргэжилтнүүд мэдээллээ.
Өдгөө гэхэд зам хариуцагч компанийнхан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Дархан-Уул-Эрдэнэт, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Хархорин-Цэцэрлэг, Улаанбаатар-Чойр, Чойр-Сайншанд, Дархан-Уул-Сүхбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Налайх-Тэрэлж чиглэлийн авто замд гарсан эвдрэлийг засахаар ажиллаж байгаа гэв. Хэдийгээр зам хариуцсан байгууллагынхан нь ийнхүү болж бүтэж байгаа, бүхнийг хяналтдаа авсан, засварыг ойрын хугацаанд дуусгана гэсэн утга агуулга бүхий мэдээллийг өгсөн ч бодит байдал дээрх биелэлт, үр дүн нь эргэлзээ дагуулав. Наанадаж л үерийн улмаас эвдэрсэн зам, учирсан хохирлын хэмжээг тооцоолсон баримттай мэдээллийг тэд өгч чадахгүй байна. Замын компаниуд төсөвтөө баригдаад нүд хуурсан төдий ажил хийгээд өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. Зарим нь засаж байна гэсээр хүйтний улиралтай золгуулаад орхих магадлал ч өндөр. Ерөөс манай улсад зам засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд, тогтоосон стандарт, журмын дагуу чанартай гүйцэтгэдэг сайн жишиг ховор. Тиймдээ ч олон улсын, улсын чанартай гэгдэх замууд нь түр зуурын борооны ая даахгүй “хэмхэрсээр” байна.
Манай улс тамын гэдэг тодотгол зүүтлээ жолооч нарын “зүрхэнд орсон” замуудаа засаж, арчлахад ч дорвитой хөрөнгө мөнгө төсөвлөж чадахгүй өнөөдрийг хүрсэн. “Хар цэг” болсон замуудаас энэ жил алинд нь урсгал засвар хийх вэ” гэж дээрх байгууллагын мэргэжилтнээс асуухад “Хар цэг” гэж хэлэх нь тохиромжгүй. Тусдаа ойлголт” хэмээн эсэргүүцэв. Өчнөөн олон хүний амь авч одсон, хаашаа ч бултах, тойрох боломжгүй олон онгорхой нүхтэй, жилийн жилд эвдэрч сүйддэг, ослын мөр болсон газрыг ийн нэрлэхээс яах билээ. Ингэж хэлсэнд бус, ийм замуудаа засаж чадахгүй байгаадаа л эмзэглэх ёстой баймаар юм. Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Арвайхээрийн замын зарим хэсэг ийм тодотгол зүүгээд багагүй хугацаа өнгөрсөн шүү дээ.
Гэтэл эдгээрт хэсэгчилсэн засвар хийх нэрээр жил болгоны зун хэдхэн км-ийг нь хааж, энд тэндгүй элс, шороо овооолон, жолооч нарыг зориулалтын бус замаар зорчуулж, бөөн төвөг чирэгдэл уддаг. Өнөө жил гэхэд их засварын долоон багц ажлын хүрээнд улсын хэмжээнд ердөө 56 км замд их засвар хийхээр хөрөнгө төсөвлөж. Энэ нь олон улсын болон улсын, орон нутгийн чанартай авто замын нийт хэмжээтэй харьцуулахад өчүүхэн тоо юм. Тодруулбал, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хамгийн их хэмжээний буюу 25, Мандалговь-Даланзадгадын ес, Улаанбаатар-Мандалговийн 10.2, Улаанбаатар-Арвайхээрийн найм, Налайх-Чойрын дөрвөн км замыг засах нь. Шүүрэн шанага шиг болсон өнөөх Өвөрхангайн замын найман км-т нь л их засвар хийхээр төлөвлөжээ. Ийнхүү 4-5 км-ээр нь хэсэгчлэн засвар хийх зуурт түрүүчийн ээлжийнх нь эхнээсээ эвдэрч, хэмхэрсээр байна. Үүнд бороо “хувь нэмэр” оруулсаар.
Зам, тээврийн ослыг голдуу архи, согтууруулах ундааны хэрэглээ, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй холбож тайлбарлах нь түгээмэл. Осол болсон гэхэд шалтгааныг нь автоматаар ингэж оношилдог. Яг үнэндээ замын эвдэрхий, хагархайнаас болж жолооч осол гаргаж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амиараа хохирсон нь цөөнгүй. Даанч тэр болгоны жинхэнэ шалтгааныг бодитоор мэдээлдэггүй нь харамсалтай. “Хар цэг” болсон газруудад дорвитой засвар хийлгэе, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье гэвэл эвдэрхий замаас болж хэчнээн хүн хохирч байгааг бодитоор мэдээлж, холбогдох байгууллагынхныг ажлаа хийхийг шахаж шаардах нь үр дүнтэй.