ХЭҮК-ын дарга Ж.Хунан8 Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж буй алба хаагчид, жолооч нарын хөдөлмөрлөх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, шинээр суурьшлын бүс үүсгэх асуудлаар санал солилцжээ. ХЭҮК-оос байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гашуунсухайт боомт, Ханбогд сумын Хайрхан баг дахь Цагаанхад суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар тус хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж харилцан мэдээлэл солилцсон юм.
Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид орчны тоосжилт өндөртэй хүнд нөхцөлд өдөрт 12-13 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэдэг байна. Тус бүс дэх төрийн байгууллагуудад хүний нөөцийн хомсдол үүссэн, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй, хүүхдийн сурч боловсрох эрх хангагдаагүй, эмнэлгийн яаралтай тусламж авах боломж хязгаарлагдмал, ундны цэвэр усны хомсдолтой, алслагдсан зайнаас зөөврийн ус хэрэглэдэг, ариун цэврийн байгууламжгүй зэргээр төрийн болон нийгмийн суурь үйлчилгэ авах боломж хязгаарлагдмал нөхцөл байдалд байгааг ХЭҮК-оос дурдав. Мөн тус хилийн боомтын ерөнхий төлөвлөлтийг шинэчилж байгаатай холбогдуулан иргэн төвтэй, хүний эрхэд суурилсан төлөвлөлтийг хийхэд онцгой анхаарч ажиллах, Цагаанхад суурьшлын бүсэд ажиллаж буй нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүслээ. Боомт хариуцсан сайд Б.Тулга “Төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, цалин, хангамжны асуудлыг шийдвэрлэх болон нүүрс тээврийн жолооч нарт тулгамдаж буй асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаа” гэдгээ илэрхийлж, улмаар Гашуунсухайт боомттой хамгийн ойрын сум нь 160-180 км зайд байрладаг учир шинэ суурьшлын бүс байгуулах талаарх Комиссын саналтай санал нэг байгаагаа дурдаад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны хуралд хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд боомт дахь төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэгт талууд хамтран ажиллахаар тогтов.