Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаа ийм үед дунд сургуулийн багш нар сурагчдадаа хуучин цүнх, дэвтрээ хэрэглэхийг уриаллаа. Тус уриалгад,“Багш нь хуучин цүнхээ барина, ноднин дуусгаагүй том дэвтрээ цүнхлээд улаан баландаа запас авч хийгээд л очно доо. Та нар ч гэсэн байгаагаа тордоод янзлаад хэрэглээрэй хүүхдүүдээ. Нэг их онц шаардлагагүй бол шинээр юм авахгүй, эх дэлхийд хог хаягдал бага нэмцгээе хэдүүлээ. Гаднаа гялайх яахав, тархиа л гялалзуулах хэрэгтэй эрин үе аль хэдийнэ ирсэн. Дүрэмт хувцасаа харин цэмбийтэл угааж индүүдээд, гутлаа гялалзтал тослоод ирээрэй шавь нар минь. Формнууд нь багадсан болов уу яасан бол. Зүгээрээ цэнхэр цамцаа өмсөөд хүрээд ирээрэй сайхан хүүхдүүд минь. Хуучин цүнхээ барьж болно. Өнгийн харандаа өмнө жил хэрэглэж байснаа арчиж цэвэрлээд үзүүрлэчихвэл бүүр сайн. Дэвтэр дуусаагүй байгаа бол үргэлжлүүлээд бичээрэй. Өмнөхөө харахад ч амар шүү дээ. Ер нь тэгээд гоё ганган зүйлс хэрэггүй дээ. Хэрэгцээ шаардлага хангаж л байвал хуучин зүйлс зүгээр гэдгийг хүүхэдтэйгээ ярилцахад болно. Яагаад ингээд бичиж байна гэхээр жил бүр танд шинэ хичээлийн хэрэглэл аваад өгөх боломж байгаа л даа. Гэхдээ эдгээрийг хийхэд хэчнээн их ус, хэчнээн их материал ордог бол. Дэвтэр гэхэд л хэчнээн мод вэ гээд л хэмнэхээс өөр гарцгүй. Байгаль эхдээ ээлтэй амьдрахын тулд хамтдаа хэмнэцгээе.Тогтвортой хөгжлийн боловсрол эндээс эхэлнэ. Ухаалаг хөөрхөн шавь нартаа амжилт хүсье” гэжээ. Дээрх уриалгад орон багш нар нэгдэж эхлээд байна.
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 20 хүрэхгүй хоног үлджээ. Хичээл эхлэхтэй зэрэгцээд сурагчдын хичээлийн бэлтгэл ажил ч эхэлдэг. Энэ үед тус уриалга эцэг эх болон сурагчдад тун дэмтэй байна.