БШУЯ 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэжээ. 2023 онд,
- Малчин өрхийн хүүхэд
- Хилийн бүсэд амьдарч буй хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах чиглэлд онцгой анхаарч байна.
Хилчдийн 2-5 настай 1757 хүүхэд алслагдсан бүс нутагт амьдардаг. Тэдний 63 хувь нь Сургуулийн өмнөх боловсролд, зургаан хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 31 хувь буюу 525 хүүхэд ямар нэгэн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж, арга хэмжээний төлөвлөгөө баталжээ. Төлөвлөгөөний дагуу уулзалт зохион байгуулж, уулзалтаар тухайн анги, заставт байгаа бага насны хүүхдийн тооноос хамаарч Хүүхэд харах үйлчилгээг шинээр байгуулах, хүүхэд харагчийг бэлтгэх, төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах, хилчин, албан хаагчдын гэр бүлийг цэцэрлэгийн багшаар сургах, ажлын байраар хангах боломж, нөхцөл цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Уулзалтад танхимаар болон цахимаар БШУЯ, БЕГ, БШУГ, ХЗДХЯ, ХХЕГ, ХНХЯ, ГБХЗХГ-ынн төлөөлөл болон хилийн цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд оролцлоо.