БШУЯ-наас энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Математик-байгалийн ухааны, Хан Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэсэн Байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургуулийн байгуулахаар зорьж байна. Тодруулбал, дэлхийн улс орнуудад бүрэн дунд боловсролыг бие даасан ахлах сургуулиар олгох нь түгээмэл байна. Ахлах сургууль нь бие даасан бүтэцтэй, тодорхой ажил, мэргэжилд болон дараа шатны сургуульд бэлтгэх, мэргэжлийн баримжаа олгоход чиглэсэн сургалттай байх нь нийтлэг байдаг байна. Мөн тэдгээрт сурагчдыг сурлагын амжилт, авьяас, чадвар, сонирхол, хэрэгцээг нь үндэслэн элсүүлдэг. Сүүлийн жилүүдэд ахлах сургуулиуд чөлөөт хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, олон улсын уралдаан тэмцээнд оролцохыг дэмжиж, сурагчийн төлөвшлийн асуудалд анхаарч, их сургууль, коллежууд ч оюутан элсүүлэхдээ үүнийг харгалздаг болжээ. Монгол Улсын ахлах сургуулийн зорилго нь сурагчийг өргөн хүрээтэй хөгжүүлэхэд чиглэж, нийгэм болон хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлыг шийдэх, аливаа зүйлсийг үнэлж, дүгнэх мэдээлэл боловсруулж, шийдвэр гаргах бүтээлчээр бие даан суралцахуйд суралцахад нь шаардлагатай чадамжийг эзэмшин, төлөвших боломжийг бүрдүүлэх юм. Ахлах сургууль нь сурагчдад өөрийгөө танин мэдэх, ирээдүйн төлөө бэлтгэгдэх, насан туршдаа суралцахад өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй болон хөгжихөд дэмжинэ. Ахлах сургуулиар эзэмшсэн мэдлэг, чадварыг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, болон бусад холбогдох бичиг баримтаар тодорхойлно.