Манай оронд аялах жуулчны тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагууд үнийн хөөрөгдөл үүсгэх, өндөр ханш санал болгосон газруудтай хамтрахын тулд урьдчилсан захиалга, гэрээгээ цуцлах явдал цөөнгүй гарч буйг аялал жуулчлалын салбарынхан хөндөж байна. Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу бидний нэрлэж заншсанаар “Фургон”-оор үйлчлэх өдрийн хөлс гэхэд 50-80 хувиар нэмэгдсэнийг тур оператор компанийнхан хэллээ. Тухайлбал, энэ төрлийн машинаар жуулчин тээвэрлэх өдрийн хөлс өнгөрсөн хавар 160 мянган төгрөг байсан бол өдгөө 250-300 мянга болж өсжээ. Аялагчид долоо хоног “Фургон” хөлөглөвөл дунджаар 1.7-2.1 сая төгрөгийг тээврийн хөлсөнд төлөх юм байна.