“Монголын нууц товчоо”-г брайл үсгээр хэвлүүлэхээр болжээ. Уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэрээнд Чингис хааны өв соёлын хүрээлэн, “Бодлогот баатар гүн” сангийн төлөөлөл гарын үсэг зурлаа. Энэхүү санаачилгынхаа талаар Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал Н.Саруул “Монголын нууц товчоо”-г 2006 онд брайл үсгээр 10 хувь хэвлэсэн. Гэсэн ч уг номын хуудаснууд салж, зарим нь үрэгдэн, өдгөө бүрэн хэмжээгээрээ олддоггүй юм билээ. Учир нь брайл үсэг том хэмжээтэй. Тиймээс номын хуудаснуудыг нэлээд том хэмжээтэй хэвлэсэн байдаг. Бас уншигчид нь хүртээмждээ тааруулж, 1-2 хуудсаар нь салгаж авдаг байж. Иймд 21 аймгийн төв номын санд зориулан “Монголын нууц товчоо”-г брайл үсгээр хэвлүүлэхээр бэлтгэлээ хангаж эхэллээ. Мөн нийслэлд зориулан нэгийг хэвлэнэ. Одоогоор “Монголын нууц товчоо”-г брайл үсэгт буулгахад А3 хэмжээтэй гурван боть болно гэсэн эхний тооцоо гаргасан” гэв.
Чингис хааны өв соёлын хүрээлэнг Засгийн газрын тогтоолоор 2019 онд байгуулсан бөгөөд өдгөө Соёлын яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Тус хүрээлэнгийнхэн Чингис хаан, түүнд холбогдох хүмүүс, хаадууд, тэдний үр хойч, өв соёлтой холбоотой сурвалж бичиг, баримтуудыг судалдаг аж. Уг хүрээлэнгээс Монгол Улсад хараагүй иргэн хэд байдаг, голчлон хаана амьдардгийг судалсан байна. Улмаар тэдэнд зориулан дээрх бүтээлийг ийнхүү брайл үсгээр хэвлэхээр болжээ. Харааны бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжоор хангахыг зорьж буйгаа талууд онцоллоо. Ташрамд дурдахад, манай улсад харааны бэрхшээлтэй 12 орчим мянган иргэн бий аж.