ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Тус хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдрийг дуустал үргэлжлэх аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий нийтийн экосистем, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг өөрчлөлтүүд гарсаар буйг мэргэжилтнүүд ярьдаг. Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ зэрэг 10 улсаас 80 гаруй, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон хувийн хэвшлээс 110 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна.Уг хурал нь үндэсний болон бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, учирч болох эрсдэлийг бууруулах, гарц шийдлийг тодорхойлж, улмаар шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг төр, засагт уламжлах зорилготой гэнэ.
Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Хауланбек “Уур амьсгалын өөрчлөлт байнгын шинжтэй. Түүнийг зогсоох боломжгүй. Харин дасан зохицох нь хамгийн чухал. Цөлжилтийн эсрэг мод тариад л байх нь чухал биш. Харин цөлжилттэй тэмцэх аливаа ажил нь тухайн орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлж байх ёстой юм. Бид БНХАУ-ын судлаачидтай хамтран Монгол Улсын баруун, зүүн, төвийн хэсгийн цөлжилттэй бүс нутагт туршилт, судалгаа явуулж, Өмнөговийн Булган сум болон Говь-Алтай аймгийн нутагт загийн ой бий болгосон. Замын-Үүдэд элсний нүүдлээс хамгаалах зорилгоор нэг кмурттай ойн зурвас хийсэн. Ингэснээр тухайн газар элсний нүүдлээс хамгаалагдахаас гадна үүгээр дамжуулан иргэд хүнсний ногоо тарьж, тариалан эрхлэх боломж бүрдэнэ. Үр дүнд нь иргэд хүнсний хангамжаа дээшлүүлж, тэрхүү бүс нутагт бичил уур амьсгалын таатай нөхцөл бүрдэх юм. Тиймээс л цөлжилтийн эсрэг ажил үргэлж иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Манай улсын 198 сум цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Түүнчлэн манай улс 1975 оноос эхлэн загийн ойг тоолж эхэлсэн байдаг. Гэсэн ч сүүлийн 40 жилийн дотор тэдгээрийн 90 гаруй хувь нь ойн төрхөө алдсан. Тиймээс цөлжилтөд өртсөн сум бүрт 100 га ойн зурвас байгуулж, загийн ойг нөхөн сэргээх төлөвлөгөөтэй. Энэ удаагийн хурлаар дамжуулан олон улсын эрдэмтдийн судалгааны үр дүнтэй танилцаж, инновацыг нэвтрүүлэх нь чухал. Цаашид Монгол, Хятадын хамтарсан Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
Тус хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга С.Чинзориг “Энэ жил орсон хур тунадасны хэмжээ багад тооцогдоно. Товчхондоо, үерлэхүйц хэмжээнд хур тунадас ороогүй гэсэн үг. 1996 оноос хойш манай улсын нийт нутгаар хуурай мөчлөг үргэлжилсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гадаргын ус үерлэх төлөвтэй байна. Учир нь хуурай мөчлөг услагаар солигдож, борооны эрчим нэмэгдсэнээр богино хугацаанд их хэмжээний хур тунадас ордог болсон. Өнгөрсөн сарын хугацаанд буусан үер гамшгийн хэмжээнд хүрсэн нь түүнээс хамгаалах байгууламж муу байгаагийн тод илрэл. 100 жилд тохиох хамгийн хүчтэй үерийн хэмжээнд тулгуурлан далан барих ёстой юм. Гэтэл тийм үер нь болоогүй байхад гамшгийн хэмжээнд хүрсэн нь харамсалтай. Бороо ордгоороо орж, гол голдирлоороо л урсана шүү дээ. Даланг сайжруулахаас гадна усан сан байгуулах нь зөв шийдэл. Энэ нь борооны усыг хуримтлуулж, усны түвшин багассан, хуурайшилттай саруудад гол руу цутгах зэрэг олон талын ач холбогдолтой” гэв.
Бэлтгэсэн: Д.Хүслэн