“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин, харьяа компаниудын 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангаас өчигдөр танилцууллаа. Тодруулбал, “Хөтөлийн цемент шохой” компани тайлант хугацаанд 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэж, төлөвлөгөөнийх нь биелэлт 96.3 хувьд хүрчээ. “Хөтөлийн цемент шохой”-н барилгын материал үйлдвэрлэлийн төв болох концепц, шохойн шинэ үйлдвэр барих төслийг нь толгой компаниас нь дэмжихээр болсон байна.
Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1-6 дугаар сард 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус үйлдвэр 18.6 тонн орчим ган бүтээгдэхүүн, 601.5 тонн төмрийн хүдэр нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 93-103 хувьд хүргэжээ. Цаашид энэ оны сүүлийн хагас жилд 1.5 сая тонн орчим хөрс хуулж, 940 мянган тонн хүдэр олборлох бөгөөд 14.4 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 15 500 гаруй төмөр бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж.