Ихэнх сургуулийн урсгал засварыг хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн дуусгаж, будаг нь бүрэн хатаж амжаагүй танхимд хүүхдүүдийг хүлээж авдаг байв. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр засварыг харьцангуй эрт дуусгадаг болсон юм. Өдгөө нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн сургууль 158, цэцэрлэг 289 байдаг аж. Үүний 266 сургууль, цэцэрлэгт нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр урсгал засвар хийжээ. Уг ажлыг энэ сарын 1 гэхэд бараг л амжуулсан, цөөн хэдхэн сургуульд засвар үргэлжлүүлэн хийж буй бөгөөд тун удахгүй дуусгана хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тэгвэл газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа, засварын ажил үнэхээр дууссан уу гэдгийг сурвалжлахаар зарим сургуульд очлоо. Сонгинохайрхан бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Тэр хэрээр сургуулиудын хүртээмж нэлээд асуудал болдог. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Солонгоос сургууль, цэцэрлэгийн засвар, хүртээмжийн талаар тодруулахад “Дотоод засвар ерөнхийдөө дууссан гэхэд болно. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагуудын урсгал засварын гүйцэтгэл 97 хувьтай байна. Харин зарим сургуулийн гадаад тохижилт буюу барилгын өнгийг сэргээж будах ажлыг энэ сарын 20-ноос хийнэ. Одоогоор багш, ажилчид бүгд амарсан. Энэ зун бороо их орсны улмаас засвар хийсэн зарим сургуулийн дээврээс дусаал гоожсон нь засварын ажил удаашрахад хүргэсэн” гэсэн юм. Эл дүүрэгт энэ онд тус бүр гурван сургууль, цэцэрлэг шинээр барьж буй бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ГАДНАХ ӨНГИЙГ НЬ ИЖИЛСҮҮЛЭВ
Дэлхийн банкны санхүүжилтээр, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд энэ жил Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39, 57 дугаар сургуулийн барилгыг дулаалах, цонхыг нь солих зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн онд тус дүүргийн 49 дүгээр сургуулийн барилгад үүнтэй адил засвар хийсэн гэнэ. Эдгээр сургуулийн барилгын гадна фасадыг төслийн хүрээнд улаан шаргал өнгөөр ижилсүүлж, адилхан болгожээ. Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дунд байрлах ерөнхий боловсролын 57 дугаар сургуулиар ороход гаднах фасад болон бүх цонхыг нь сольж шинэчилсэн байв. Тус сургуулийн гадна хэдэн хүн барилгын сууринд хаяавч бэхэлгээ хийгээд дуусаж байгаатай таарлаа. Энэ нь ямар ач холбогдолтой талаар тодруулахад “Сууриасаа ус, чийг нэвтрэхгүй, улам дулаахан болдог” хэмээн хариулсан юм.
Сургууль дотор ороход жижүүр, захирал хоёр л ажиллаж байв. Засварын ажлын талаар захирал Г.Цолмон “Манай сургуулийн барилгыг 1970-аад онд барьсан, нэлээд хуучинд тооцогдоно. Засварыг өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Дээврийг солиход 20-иод машин шороо гарч, түүнийг зөөж, асгах гээд нэлээд ажил боллоо. Мөн бүх цонхоо солиултал хэмжээ нь өөр өөр байсан зэрэг хүндрэлтэй тулгарсан. Засварын ажлыг “Идэр нумт” компанийнхан гүйцэтгэж, бараг хугацаандаа дуусгалаа. Одоо цонхнуудын амлагаа хийх ажил үлдсэн. Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижууллаа. Энэ хавьд байхгүй сайхан талбайтай болсонд ялангуяа хүүхдүүд баяртай байгаа. Бас нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил ариун цэврийн хоёр өрөөг засаж, шинэчилж байна” гэлээ.
39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ДЭЭВРЭЭС УС АЛДЖЭЭ
39 дүгээр сургуульд очиход гаднах фасадын ажил дуусаж, мөн л сууринд нь хаяавч бэхэлгээ хийж байлаа. Гадна талаасаа шинэ мэт, өнгө үзэмж нь сайхан харагдав. Харин дотогш ороход коридор, анги танхимын цонхнуудыг солих ажил бүрэн дуусаагүй, шавар, шороо ихтэй, ундуй сундуй орчин угтсан юм. Тус сургуулийн нярав засварын зарим ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа дурдлаа. Тэрбээр “Дээвэр засаж байсан ажилчид хайнга хандсан. Үүнээс болж сургуулийн дээврээс борооны ус алдлаа. Улмаар дөрөвдүгээр давхарт ус гоожсон” хэмээв. Гүйцэтгэгч компанийн буруутай үйлдлээс шалтгаалан засвар хийсэн анги танхимын тааз бохирджээ. Мөн зарим танхимын цахилгааныг таслахаас өөр аргагүй болсон гэнэ. Үүнээс гадна бүх давхрын ариун цэврийн өрөөнүүдийг засаж байгаа ч хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй, дутуу орхисон байв. Өмнө дурдсан төслийн хүрээнд ажил гүйцэтгэхээр шалгарсан компани нь “Хөвсгөл булаг” аж. Тэд ажлаа өнгөрсөн зургадугаар сард эхэлжээ. Гэсэн ч өдий хүртэл дуусгаагүй байна. Сургуулийн ажилчид “Бид өдөр бүр хогоо шүүрдэж байна. Тэгсэн ч нэмэр алга. Хэзээ дуусах нь тодорхойгүй энэ ажлын дараа бид нэлээд хүч зарцуулж байж сургуулиа цэвэрлэх нь дээ” гэв.
“ЭРДМИЙН ӨРГӨӨ” ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
Нийслэлийн хэмжээнд энэ онд гурван сургууль, 13 цэцэрлэг, бага сургуулийн хоёр цогцолбор ашиглалтад бүрэн оруулсан аж. Өдгөө боловсролын салбарт нийт 158 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй гэнэ. Тэдгээрийн дагуу 2024 онд цэцэрлэг 46, сургууль 22, бага сургуулийн цогцолбор 16-г ашиглалтад оруулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад буйг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхөн 10, 84, 157, 161 дүгээр сургууль, “Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 320 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах гэнэ.
Энэ жил Хан-Уул дүүрэгт сургуулийн хүрэлцээ хамгийн тааруу байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Тус дүүрэгт 15, 18, 32, 52, 75 дугаар сургуулийн зарим сурагчийг түрээсийн байранд хичээллүүлэхээр судалж буй аж. Сургуулийн хүрэлцээ тааруу өөр нэг дүүрэг нь Баянгол. Эл дүүргийн хэмжээнд ачаалал нь хэтэрсэн дөрвөн сургууль бий гэнэ. Улсын хэмжээний сургуулиудаас хамгийн олон буюу 6200 орчим сурагчтай “Эрдмийн өргөө” цогцолбор гэхэд өмнөх хичээлийн жилд зарим ангиа өөр сургуулийн байр түрээсэлж хичээллүүлжээ. Харин энэ жилийн тухайд тус сургуулийн өргөтгөлийн 640 хүүхдийн багтаамжтай барилгыг бариад дуусаж байгаа аж. Уг өргөтгөлийг ирэх сарын 1 гэхэд ашиглалтад оруулснаар “Эрдмийн өргөө”-гийн сурагчид түрээсийн байранд хичээллэхээргүй болох нь. Энэ талаар сургуулийн захирал С.Ариунгэрэл “Манай өргөтгөлийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн юм. Гэсэн ч нэг хэсэг хөрөнгө санхүүгийн асуудал тулгарснаас ажлыг зогсоогоод, нэлээд удсан. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд ирж, газар дээрх нөхцөл байдалтай танилцан, тулгарсан асуудлыг шийдэхээр болсноор барилгын ажил үргэлжиллээ. Одоо ч барилгын ажил үргэлжилж л байна. Гүйцэтгэгч компанийнхан энэ сарын 20-нд Улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн. Бид тэр үеэр ажилдаа орж, сандал, ширээгээ зөөж, цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байгаа. Өмнөх жилүүдэд манай багш, сурагчид хүнд нөхцөлд хичээллэсэн. Энэ жилийн хувьд өргөтгөлөө ашиглалтад оруулчихвал асуудал тулгарахгүй. Гэхдээ ирэх онд манай сурагчдын тоо 7000-д хүрэх магадлалтай. Тэгэхээр дахиад л ачаалал үүсэж болзошгүй” хэмээв. СанхүүгийнасуудлаасболжСонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил мөн л “царцсан” гэнэ. Өргөтгөлийг уг нь 2018 онд барьж эхэлсэн ч өдий хүртэл дорвитой зүйл хийгээгүй юм байна. Тиймээс гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-тай байгуулсан гэрээг Боловсрол, шинжлэх ухааны яам саяхан цуцалжээ.
Жил бүр л нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, засвар, үйлчилгээний асуудал хөндөгддөг. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх үеэр дээрх асуудлуудыг илүүтэй ярьдаг. Одоогийн нөхцөл байдлаас харвал цөөн хэдэн сургуулийг эс тооцвол урсгал засварын ажлыг заасан хугацаанд нь дуусгажээ. Харин сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэлгүйгээр хичээлийн шинэ жилтэй золгохоор байгааг өмнө дурдсан жишээнүүд нотлох биз ээ.
Нийслэлд 464 багш дутагдаж байна
Аймаг, нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад багш хүрэлцээтэй байх, эсэхийг тандаж, бүртгэж эхэлжээ. Үүний хүрээнд Хөвсгөл аймгийн Боловсролын газраас дүн мэдээллээ нэгтгэн гаргасан байна. Тус аймагт 192 багш дутагдалтай гэнэ. Ялангуяа сумдад нөхцөл байдал хүнд буй аж. Тухайлбал, Ренчинлхүмбэ сумын сургуульд гэхэд бага ангийн дөрөв, монгол хэл, уран зохиолын гурав, нийт 15 багш хэрэгтэй гэнэ. Тэгвэл улсын хэмжээнд хэдэн багш дутагдалтай байгааг БШУЯ-наас тодруулахад “Сурагчдын шилжилт хөдөлгөөн болон нэгдүгээр ангийн хэдэн бүлэг бий болгохоос шалтгаалаад хаана, ямар мэргэжлийн багш дутагдалтайг тодорхойлдог. Уг ажил өдгөө үргэлжилж байна. Нэгдсэн дүнг энэ сарын 25 гэхэд гаргана. Нийслэлийн хэмжээнд бол 47 сургуульд 464 багш дутагдана гэсэн урьдчилсан мэдээлэл гаргасан” гэлээ.