“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн 116 МВт-ын хүчин чадалтай өргөтгөлийн барилга угсралтын явцын талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Зуухны барилгын суурийн ажлыг дуусгасан бөгөөд каркас угсралтынхыг гүйцэтгэж буй аж. Ер нь ажлын явц 20 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа агаад энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй гэнэ. Тус станцын хүчин чадлыг ийнхүү нэмэгдүүлснээр Баянзүрх дүүргийн зүүн хэсэг дэх байгууллага, айл өрхүүдийн дулаан хангамжийн хэрэглээ нэмэгдэх юм байна. Эргэн сануулахад, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд станцын өргөтгөлийн ажлыг өмнөх жилийн зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын 15-нд дуусгана гэж өмнө нь мэдээлж байсан билээ. Ингэснээр Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцын шинэ хорооллуудыг дулаанаар хангана хэмээж байв. Дээрх станцыг 348 МВт-ын хүчин чадалтайгаар 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст нээснээр Улаанбаатарын зүүн бүсийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдсэн талаар тухайн үед мэдээлж байсан юм.
Бэлтгэсэн: Ц.Ундрал