Сургалтын хөтөлбөр, орчин, чанар зэрэг олон үзүүлэлтээр шаардлага хангахгүй их, дээд сургуулиудыг татан буулгах буюу тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн өдгөө үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын сургалтын чанар, хүртээмжид үнэлгээ хийж, 1293 хөтөлбөрийг хүчингүй болгон, тусгай зөвшөөрлөөс нь хасжээ. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд буюу ирэх есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсноо дээрх яамнаас мэдэгдлээ. Үүнээс гадна ирэх сард их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг олон нийтэд танилцуулахаар болжээ. Тухайлбал, олон улсын хэмжээнд их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times higher education” байгууллагынхантай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран улсын хэмжээнд дээд боловсрол олгож буй бүх сургуулийн чансааг тогтоохоор өдгөө ажиллаж буй юм байна.
Бэлтгэсэн: М.Оч