НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” техник хамтын ажиллагааны төслийг ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд малчин залуусын туршлага судлах аяллыг Булган аймагт зохион байгуулжээ. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 42 сумын залуу малчдын төлөөлөл Хангал сум дахь Б.Батмөнхийнд зочилж, туршлага судалсан байна. Тэднийх сүүлийн зургаан жилийн турш эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйг хослуулан эрхэлж байгаагаас гадна малын тэжээл (улаан буудайн соёолж), хүлэмжийн ногоо тариалж буй гэнэ. Улирал үл харгалзан гидропоник буюу хөрсгүй технологиор гэрийн нөхцөлд улаан буудайн соёолж тариалж, малаа тэжээдэг төдийгүй өвөл нэгдүгээр сард мал тарга хүч сайтай үед нь төлөө хүлээн авдаг онцлогтой аж. Мөн танхимын сургалтаар залуу малчдад мал аж ахуйн бизнес, маркетингийг хөгжүүлэх, хоршиж ажиллах, бэлчээрийн менежментийг сайжруулах, мал тэжээх, эрүүл мэндийг нь хамгаалах, түүхий эд бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргийн талаар мэдээлэл өгчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор