Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүрэгт сургуулийн хүрэлцээ хамгийн тааруу байгаа аж. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд тус дүүрэгт 11 сургуулийн 5599 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй гэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Тухайлбал, 10, 34, 115 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж эхэлсэн бөгөөд уг ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 15, 18, 32, 52, 75 дугаар сургуулиас гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй бүлгүүдийг түрээсийн байранд хичээллүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тиймээс дээрх сургуулиудын ойролцоох газарт байр түрээслэхээр судалж буй аж. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, ялангуяа орон сууц олноор барих болсон нь сургуулиудын ачаалал хэтрэх шалтгаан болжээ.
Бэлтгэсэн: М.Оч