Монголын Хөрөнгийн биржид ирүүлсэн 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлангаас харахад "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК буюу "CU" сүлжээ дэлгүүрийн өр төлбөр хагас жилийн хугацаанд 26 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, дээрх хугацаанд 167 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 19.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Үүнээс хамгийн анхаарал татах асуудал нь тус компанийн нийт өр, төлбөр 178.6 тэрбум төгрөг болж нэмэгдлээ.
2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тус компанийн эргэлтийн хөрөнгө 44.4 тэрбум, эргэлтийн бус хөрөнгө 126.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байжээ. Гэвч хагас жилийн хугацаанд эргэлтийн хөрөнгө нь 37.6 тэрбум болж буурсан бол эргэлтийн бус хөрөнгө нь 140 тэрбум төгрөгт хүрчээ. "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК-ийн нийт өр төлбөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 152.6 тэрбум төгрөг байсан бол зургаан сарын дараа 178.6 тэрбум төгрөг болсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тус компани нийт хөрөнгөнөөсөө давсан өр, төлбөртэй гэдэг нь 2023 оны хагас жилийн тайлангаас харагдаж байна.
"Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК нь 2018 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч болсон ба 2021 онд тус компани нийт хувьцааныхаа 16.87 хувийг олон нийтэд санал болгож, тухайн оныхоо арваннэгдүгээр сард 28.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байжээ.
Тус компанийн санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар холбогдсон боловч "Эргээд хариу өгье" гэсэн хариулт авлаа.