Аливаа үндэстний түүх бол шавхагдашгүй, арвин сан мэт билээ. Энэ удаад монголчуудын түүхийн талаар гадаад улсын түүхч, судлаачдын туурвисан орчин цагийн бүтээлүүдийг онцолж байна.
“МОНГОЛЫН ИХ ХАТДЫН НУУЦ ТОВЧОО: ЧИНГИС ХААНЫ ЭЗЭНТ ГҮРНИЙГ ОХИД НЬ АВАРЧ ХАМГААЛСАН ТҮҮХ”
Монголын түүх, тэр дундаа Чингис хааны тухай олон ном, бүтээл туурвисан америк гаралтай профессор, Чингис хаан судлаач, эрдэмтэн Жак Уэтерфордын Монголын түүхээр бичсэн хоёр дахь бүтээлийг онцолъё. Монгол хэлээр хэдийн орчуулсан уг бүтээл “The Secret history of the Mongol queens: How to the daughters of Genghis Khan rescued his empire” нэртэй. XIII зууны хүчирхэг эзэнт гүрнийг монгол хатад захирсан түүхийг өгүүлэх эл бүтээл шинжлэх ухааны үндэслэлтэй түүхэн баримтыг уран сайхантай хослуулснаараа онцлогтой хэмээн үздэг. 2009 онд хэвлэсэн энэ номыг дэлхийн зургаан хэлээр орчуулсан ба Чингис хаан хөвгүүдээсээ илүүтэй охиддоо итгэж байсан тухай, алтан ургийн эрчүүдтэй эв ухаанаа уралдуулж, улс орноо засан төвхнүүлсэн монгол хатдын гавьяаг олон улсад таниулсан бүтээл болсон аж. Эл номыг зохиогч өнгөрөгч онд Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн билээ.
“МОНГОЛЧУУД БА ИСЛАМЫН ЕРТӨНЦ”
Их Монгол Улсын Хархорум хотод исламын шашин цэцэглэн хөгжиж байсан гэдэг. Дундад зууны үеийн түүх судлаач Петр Жэксоны бичсэн эл ном Чингис хаан болон түүний дайчид Төв Азийг эзэлсэн түүхийг өгүүлжээ. Үүний зэрэгцээ тухайн үеийн исламын шашны бодит байдлыг орчин үеийн судалгаа, олон тооны эх сурвалжид үндэслэн бичсэн аж. Тус ном “The Mongols and the Islamic world: From Conquest to Conversation” нэрээр 2017 онд хэвлэгдсэн юм.
“СҮНСНИЙ ДУУ ХООЛОЙ: ХОЙД АЗИЙН НУУЦ БА ИД ШИД”
Бөө мөргөлийг тунгус хэл, уламжлалаас гаралтай хэмээн антропологичид үздэг ч олон нийт үүнийг бүрэн төгс ойлгоход бэрх байдаг аж. Хойд Азийн уламжлалт бөө мөргөл судлаач ДэвидШи түрэг, монгол, тунгус бөө мөргөлийн зан үйл, уламжлалын талаар нарийн судалж, тэрхүү харьцуулсан дүгнэлтээ энэ онд хэвлэсэн “Spirit voices: The Mysteries and magic of North Asian” хэмээх эл номд буулгасан байна. Тэрбээр өөрийн өвөг дээдсийн уламжлалд тулгуурлан бөө мөргөл гэж юу болох, хаанаас гаралтай талаар тайлбарласан юм.
“СҮРЭГ: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ”
Францын түүхч, зохиолч Мари Фавероны бичсэн “The Horde: How the Mongols changed the world” гэх энэхүү ном 2021 онд олны хүртээл болж, улмаар тухайн жилдээ Америкийн хэвлэн нийтлэгчдийн холбооны онцлох бүтээлээр шалгарсан юм. Евразийн уудам тал нутгийг хамарч асан газар нутагтай, Монголын эзэнт гүрний баруун хэсэгт оршиж байсан, 300 гаруй жилийн түүхт Алтан ордны улсын тухай тус номд өгүүлдэг. Энэ нь түүхийн орхигдсон хуудсыг нээн, дэлхий төдийгүй монголчуудад өөрсдийн түүхийг дахин судлах боломж олгосон даацтай бүтээл хэмээн судлаачид гэж үзэж байна. ҮүндXIII-XIV зуунд Алтан ордны улсыг Ромын эзэнт гүрнээс дутахааргүй хүчийг өөртөө агуулсан, Евразийн худалдааны өсөлтөд томоохон байр суурьтай байсан тухай өгүүлдэг байна. Түүнчлэн язгууртнуудын хоорондох эрх мэдлийн зохицуулалт, эдийн засгийн нарийн дэг журамтай байсан нь бидний амьдарч буй эдүгээ ертөнц нүүдэлчдээс уламжлагдан ирснийг харуулж байна хэмээн эл номд бичжээ.
“МОНГОЛЧУУДЫН БАЙЛДАН ДАГУУЛАЛТ: ЧИНГИС ХААН, СҮБЭДЭЙ НАРЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА”
Монгол, Хятад, Ойрхи Дорнод болон Европын бичгийн эх сурвалжид үндэслэн энэхүү хоёр удирдагчийн цэргийн арга ухаан, байлдааны арга барилын талаар уг номд дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүхэнд мэдэгдэж буйгаар монголчуудыг далайд гарцгүй хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан хэмээн үздэг. Чингис хааныг нас барсны дараа ч Сүбэдэй байлдан дагууллыг нь үргэлжлүүлсэн. Тэд нийт 40 гаруй аян дайн удирдаж, Солонгосоос баруун тийш Унгар, Польш хүртэлх газар нутгийг бүхэлд нь эзэлсэн түүхийн тухай “The Mongol conquests: The Military operations of Genghis Khan and Sube’etei” хэмээх эл номд дэлгэрэнгүй тусгажээ. Уг бүтээлийг 2017 онд хэвлэсэн байна.
Бэлтгэсэн: Д.Хүслэн