Элгээрээ хэвтсэн гэхэд ч сүржигнэсэн болохгүй эрчим хүчний салбартаа сүүлийн 40 жил томоохон шинэ эх үүсвэр ганцыг ч барьсангүй өдий хүрлээ. Хувийн хэвшлийнхний ашиглалтад оруулсан цахилгаан станцуудыг эс тооцвол томоохон, шинэ эх үүсвэрийн нэг ч төсөл Монгол Улс хэрэгжүүлсэнгүй. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон манай улс “ДЦС-5”, Эгийн гол, Эрдэнэ бүрэнгийн УЦС, Багануур, Тавантолгойд цахилгаан станц барина гэж улиглаад удав. Эгийн голын УЦС-ыг барина гэж “мөрөөдсөнөөс” хойш 32 жил өнгөрсөн байх жишээтэй. Бид энэ удаа говийн бүс дэх уул уурхайн компаниудын эрчим хүчийг дотоодоос хангах ач холбогдолтой Тавантолгой ДЦС-ын төслийг “Биелдэггүй амлалт” буландаа онцолж байна.
Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн эл станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумд 450 МВт-ын хүчин чадалтай барихаар төлөвлөсөн ч эхний ээлжид 300 МВт-ын эх үүсвэрийг нь байгуулахаар дөрвөн сарын өмнө Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Улмаар гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг өнгөрсөн сарын 27-нд нээсэн. Үүнд ямар компаниуд саналаа ирүүлсэн, шаардлага хангасан, эсэх талаар ЭХЯ-наас тодруулсан ч мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч Үнэлгээний хороо ажиллаж буй аж.
Энэ талаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-иас лавлахад “Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Төслийн ТЭЗҮ-ийгшинэчлэн боловсруулсан. Тендерт оролцогчдоос ирүүлсэн саналыг үнэлэх ажлыг хийж буй. Ирүүлсэн материал нь шаардлага хангасан, эсэхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна” гэсэн юм. Өнгөрсөн жилүүдэд уг тендерийг өчнөөн зарласан ч үр дүнд хүрээгүй билээ. Урьд нь БНСУ, Францын хамтарсан, ХБНГУ, БНХАУ, Японы “акул” компаниуд саналаа ирүүлдэг байсан ч сүүлдээ тоохоо больчихсон. Эл төслийг хэрэгжүүлэхгүй удаж байгаад улстөрчдийн ашиг сонирхлын далд тэмцэл нөлөөлсөн гэх яриа ч бий.
Дээр дурдсанчлан энэхүү станцыг барьчихвал өмнөд бүсдэх Оюутолгойн болон Тавантолгойн орд газрууд, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах юм. “Оюутолгой” компани өмнөд хөршөөс цахилгаан импортлоход жилд 100-120 сая ам.доллар төлж буй. Хэдий “Оюутолгой” төслийн менежментийг хариуцдаг “Рио тинто” группийн зүгээс дотоодоос эрчим хүч худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж ирсэн ч төлбөрийг нь гадагш урсгасан хэвээр олон жилийг үдлээ. “Оюутолгой” Өвөр Монголын эрчимхүчний компанитай байгуулсан гэрээгээ 2030 он хүртэл сунгаж, цахилгааныхаа тогтвортой хангамжийг баталгаажуулснаа саяхан мэдээлсэн. Монгол Улсаас эрчимхүч тогтвортой нийлүүлтэл уг гэрээний дагуу цахилгаан авах аж.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдааны дараа “Урьдчилан тооцоолсноор 300 МВт-ын хүчин чадалтай эх үүсвэр барихад 600 орчимсая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Үүний 70 хувийг тендерт шалгарсан компани, үлдэх 30 хувь буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд “ЭрдэнэсТавантолгой” компаниас санхүүжүүлнэ. Станцыг гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулна гэж тооцсон. Төслийн санхүүжилтийг станцыг ашиглалтад оруулснаас хойш таван жилийн хугацаанд төлөх техник, эдийн засгийн тооцоолол гарсан” гэж байлаа. 600 сая “ногоон” гэдэг бол “Оюутолгой” эрчим хүч авахад зарцуулж буй таван жилийн л төлбөр. Ийм хөрөнгөөр станц барих боломж олон жилийн өмнөөс байсан атал гадагшаа урсгачихсаны алдагдсан боломжийн өртгийг хэн хариуцах вэ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг2012 оны эцэст ажиллуулж эхэлсэн гээд бодохоор багагүй хөрөнгийг цахилгаан авахад зарцуулсан байж таарна. Тавантолгойн ДЦС-ыг төлөвлөсөн ёсоор бол 2016 онд ашиглалтад оруулчихсан байх учиртай байлаа, уг нь. 10 жилийн өмнө буюу 2013 оны долдугаар сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол гаргаж байв. Энэ мэтчилэн тоо гүйцээх гэсэн аятай тогтоол гаргачихаад хэрэгжүүлэхгүй, хойшлуулж ханасан л байлтай. Гэтэл хэн, хэзээнээс барих, гурван жилд багтааж ашиглалтад оруулж чадах, эсэх нь одоо ч тодорхой бус, таавар ихтэй хэвээр буй нь халагламаар.
Ядахад “Оюутолгой”-н дээрх төлбөр дээр нэмээд манай улс Өвөр Монголоос1-2 жилийн хугацаанд эрчимхүч импортлох зайлшгүй шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй хэмээн салбарын сайд өгүүлсэн нь хоржоонтой. Өнгөрсөн өвлийг эрчим хүчний салбарынхан бүх нөөц бололцоогоо шавхаж байж давсан тул өөр аргагүй гэж буй. Тэгэхээр хоёр хөршөөсөө импортолдог эрчим хүчний хэмжээ улам нэмэгдэх нь. Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал өнгөрсөн нэгдүгээр сард 1474 МВт-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт. Нөгөөтээгүүр, төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 4.8-6.4 хувиар өсөж байгаа гэх дүн ч бий. Хахир өвөлд ч бус, зун бороо ороход л нийслэлд айл өрхүүдийн цахилгааныг бүтэн гурван өдөр тасалсан тохиолдол ч гарлаа. Насжилт нь хэтрээд олон жил өнгөрч буй станцуудын хүчин чадлаас давсан хэрэглээг хангасан хэвээр байвал цаашид эл салбарынхан удаан тэсэхгүй. Хэрэв нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй бол хязгаарлалт хийхээс аргагүйд хүрч, өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар нийгмийн хөгжлийг чөдөрлөж эхлэх аюултай. Мега төслийг хэдхэн сарын хугацаанд хэрэгжүүлдэггүйг эрх биш мэддэг болсон тул эл станцыг ашиглалтад оруулахаар шалавлах, чармайх шаардлага бий. Тавантолгой ДЦС-ыг барих тухай мянгуужингийн үлгэр уртассаар буйг уншигч та он цагийн дарааллаас хараарай.
2009.10.06
Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз” болон “Рио тинто” Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. Үүнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” хэмээн тусгасан. “Оюутолгой” компани 2017 оны хоёрдугаар хагас гэхэд дотоодын цахилгаан станцаас эрчимхүч авахаар төлөвлөв.
2011.06.29
Т.ЦЭРЭНПҮРЭВ (ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга):
-Тавантолгойн станцыг ВО (барих, ашиглах) хэлбэрээр 600 МВт-ын хүчин чадалтай барьж, бүтээн байгуулалтын ажлыг 2012 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Цагаан суварга, “Саусгоби сэндс”-ийн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ.
2012.07.31
“Оюутолгой” төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээнд дурдсанаар ӨМӨЗО-оос цахилгаан авч, урт хугацаанд 3х150 МВт-ын эрчим хүч авахаар төлөвлөж буй гэв. Цаашид эл дүнг 5х150 МВт цахилгаан станцаас авдаг болохоор тооцоолсон байна.
2013.03.15
Засгийн газраас Тавантолгойд цахилгаан станц барьж 2016 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. 30 хувийгнь “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлэх тус цахилгаан станцын хүчин чадлыг эхний ээлжид 450, цаашид 600, мөн 1200 МВт-д хүргэнэ гэв. Энэхүү төсөлд ХБНГУ-ын “Siemens AG” (SIE) болон БНХАУ-ын компаниуд оролцох сонирхлоо илэрхийллээ.
2013.07.09
Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол батлав.
2013.10.15
“Marubeni”, “Daewoo engineering & construction”, “Kansai electric power”, “GDF Suez”, “Posco energy” зэрэг компани эхний шатны тендерт шалгарсныг мэдэгдлээ.
2013.12.10
М.ЭНХСАЙХАН (“Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж”-ийн захирал): -Хөрөнгө оруулах гэж буй нэг тэрбум долларын 30 хувь буюу 300 орчим сая ам.долларыг компаниуд өөрийн хөрөнгөөр босгоно. Үлдсэн 700 сая ам.долларыголон улсын санхүүгийн зах зээлээс, тодруулбал банкуудаасзээлнэ. 2014 он гэхэд төслийн хөрөнгөө босгоод барилга угсралтын ажлыгэхлүүлэх болов уу гэж харж байна. (Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2014.08.15
Засгийн газар болон “Оюутолгой” компани Өмнөд бүсийн эрчимхүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэгзурав. Энэ нь тусбүсийгцахилгаанаар тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам бөгөөд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэв.
2016.02.29
Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцын тендерт Японы “Marubeni” корпорац шалгарав.
2015.10.14
М.ЭНХСАЙХАН (Монгол Улсын сайд):
-“Тавантолгой цахилгаан станцтөсөл”-ийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх үүрэг өглөө. (Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2016.06.24
Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд М.Энхсайхан, төслийн компанийг төлөөлж “Тавантолгой цахилгаан станц” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, хөрөнгө оруулагчийг төлөөлж “М Си Эспауэр”-ын ерөнхий захирал Ш.Мөнхбат гарын үсэг зурав. “Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор Японы“Marubeni” корпорац, Монголын М Си Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж буй нь түүхэн ач холбогдолтой үйл явдал” хэмээн ЭХЯ-наас мэдээллээ. Мөн станцыг ашиглалтад оруулснаар улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэлх төгрөгийн орлого төвлөрүүлж, Оюутолгойн эрчим хүчний импортод зарцуулж буй төлбөр дотоодод үлдэж, олон зуун аж ахуйн нэгж төслийн үр шимийг хүртэнэ гэв. Станцыг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2017.05.12
“Оюутолгой” компани “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь Өвөр Монголын “Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд дээрх гэрээг үзэглэжээ. 2017 оны долдугаар сарын 4-нөөс эхлэн зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлнэ, дөрвөн жилийн дараа дотоодод цахилгаан станц ашиглалтад оруулсан нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой гэж байв.
2018.06.29
УИХ-аасТавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа.
2018.12.31
Засгийн газар, “Оюутолгой” компани Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Оюутолгойн уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна хэмээн мэдээлсэн юм. Уг гэрээнд Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүргийг тусгажээ.
2020.02.17
“Оюутолгой” компани Тавантолгой цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлэв. 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 924 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцжээ.
2020.04.08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн угстанцыг байгуулж, төрийн өмчит Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойг эрчим хүчээр хангана гэж мэдэгдэв. Эл шийдвэрийг танилцуулах үеэрээ Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Цахилгаан станцыг одоо бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой. Станцын хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, эрчим хүчний өртөг 50 хувь хямд байна” хэмээв. 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулна гэж байлаа.
2020 оны зургадугаар сар
Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” компанийн хооронд 2018 онд байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Тавантолгой ДЦС-ын барилгын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэхээр тохиролцлоо.
2021 оны дөрөвдүгээр сар
450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажил 42 сар үргэлжлэх бөгөөд өртөг нь 808.2 сая ам.доллар хэмээн ЭХЗХ-ноос мэдэгдэв. Тендер шалгаруулалтыг эхлүүлсэн агаад төсөлд шаардлагатай хөрөнгийн 30 хувийг “ЭрдэнэсТавантолгой”, 70 хувийг нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
2021.10.20
Засгийн газрын хуралдааны мэдээлэлд “Төсөл санаачлагчийг төлөөлж “ЭрдэнэсТавантолгой” компани төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн тендерт оролцогч өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2022 оны эхний улиралд багтаан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын ДЦС, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна” хэмээн дурдав.
2021.10.21
Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжүүлэх Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад өгөх ажлын тендер зарлав. Тендерт оролцогчдыг байлцуулан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд тендерийг задална гэж байлаа.
2022.01.26
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК хамтран байгуулав.
2022.03.30
Н.ТАВИНБЭХ ( Эрчим хүчний сайд): -Тавантолгой цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг ирэх сарын 1-нд дахин зарлана. Одоогоор зургаан оролцогч тендерийн материал худалдаж авсан. Тодруулбал, БНХАУ-ын тав, ОХУ-ын нэг компани байна. (Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх үеэр)
2022.04.11
Н.ТАВИНБЭХ: -Тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн дийлэнх буюу долоон компанийн зургаа нь Хятадынх. Одоогоор нэг л компани саналаа ирүүлээд байна. Үнэлгээ хийгдэж байна. Шаардлага хангасан компани материалаа ирүүлсэн тохиолдолд гэрээ байгуулна. (Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2022 оны дөрөвдүгээр сар
Шаардлага хангах санал ирүүлээгүйг ЭХЯ-наас мэдээлэв.
2022.05.02
Тендерийг богино хугацаанд дахин зарлахаар төлөвлөж байгаа гэж мэдээлсний дагуу зарлалаа.
2023.04.12
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой ДЦС-ын хоёр блокийгэхний ээлжид ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Тавантолгой ДЦС-ын төслийг300+150 МВт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжид 300 МВт хүчин чадлаар ашиглалтад оруулна” гэв. Дээрх хуралдаанаас эл төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгасан юм. Уг төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Хөгжлийн банкнаас энэ хүү төсөлд олгосон зээл, хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “ЭрдэнэсТавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д мөн даалгав.
2023.06.12
Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжүүлэх 450 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлав. Оролцогчдыг байлцуулан тендерийг долдугаар сарын 27-нд нээнэ гэлээ.
Станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөө:
2023 он
- Төслийн EPC гүйцэтгэгчийгсонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
- Станцын зурагтөсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ.
- Барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
- Станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг захиална.
2024 он
- Барилга угсралтын ажлыг үргэлжлүүлнэ.
- Тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, угсарч, суурилуулах ажлыг эхлүүлнэ.
- Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
- Станцын усхангамжийн системийн барилгаугсралтын ажлыг эхлүүлнэ.
2025 он
- Станцын барилга угсралт, тоногтөхөөрөмж суурилуулах ажил үргэлжилнэ.
- Цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулна.
- Станцын ус хангамжийн системийг ашиглалтад оруулна.
2026 он
- Станцын туршилт тохируулга, байнгын ашиглалтад хүлээн авах ажил хийнэ.
- 300 МВт-ын хүчин чадалтай хоёр блокийг ашиглалтад оруулж, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон “Оюутолгой” төсөлд эрчим хүч нийлүүлнэ.
- Эх сурвалж: “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК