Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг эхлүүлснээ Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Энэ сарын 11-ний 18.00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар бүртгэл явуулах аж. Уг шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд орон даяар зохион байгуулсан. Үүнд 30 879 төгсөгч хамрагдсанаас дөнгөж 36 нь хамгийн өндөр буюу 800 оноо авсан юм. Харин шалгуулагчдын 15.7 хувь буюу 4856 нь босго 400 оноонд хүрч чадаагүй. Тэдгээр сурагч болон өмнө нь хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй хүүхдүүдэд боломж олгох үүднээс монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Ташрамд дурдахад, Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг билээ. Энэ нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авч чадаагүй төгсөгчид ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй сурагчид энэ удаагийнхад хангалттай оноо авсан тохиолдолд их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэх юм.