Хонины цэцгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн дархлаажуулалтыг Мал эмнэлгийн ерөнхий газраас эхлүүлжээ. Мал, амьтны гоц халдварт уг өвчин тархах эрсдэлтэй бүс нутаг болох Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дундговь аймгийн 69 сум болон Улаанбаатар хот орчмын айл өрхүүдийн малыг үүнд хамруулах аж. Ойролцоогоор 4.8 сая толгой малд хонины цэцэг өвчний эсрэг вакцин хийхээр төлөвлөснийг дээрх газраас мэдээлсэн. Эл өвчний эсрэг вакциныг төрийн өмчит “Биокомбинат” компанид үйлдвэрлэдэг. Нэгдсэн дархлаажуулалтад ашиглах зорилгоор тус компанийнхан таван сая тун вакцин үйлдвэрлээд буй юм байна.