Бидний нэрлэж заншсанаар барилгын материалын “Гурвалжин” захад өчигдрийн байдлаар МАК компанийн үйлдвэрлэсэн, 50 кг-аар савласан цемент 25 000, Хятадынх нь 23 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь дотоодын цемент тонн нь 500 000, урд хөршийнх 460 000 буюу импортынх 40 000 төгрөгөөр хямд байна гэсэн үг.
Цементийн үнэ, нийлүүлэлтийн талаар “Гурвалжин” захын нэгэн борлуулагч “Эрэлт ихсээгүй, нийлүүлэлт тасалдаагүй, борлуулалт хэвийн байна. Дотоодын үйлдвэрийнхээс МАК цемент л элбэг, бусад нь нийлүүлэгдэхгүй байгаагийн учрыг мэдэхгүй. Иргэдийн худалдан авах чадвар сул байна уу, хятад цемент түлхүү борлуулдаг. Өдөрт 10 тонныг зарахад 60-70 хувь нь урд хөршийнх байх жишээтэй” гэв. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байхад буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 кг-аар савласан дотоодын цемент тонн нь 24 000-25 000 төгрөг буюу өчигдрийнхтэй адил үнэтэй байжээ. Харин 2022 оны долдугаар сарын сүүлчээр тонн нь 400 000 буюу одоогийнхоос 100 000 төгрөгөөр хямд байсан аж. Манай улс жилд 1.8 сая гаруй тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг МАК, “Монцемент”, “Цемент шохой” зэрэг дотоодын дөрвөн үйлдвэр хангадгийг салбарын яамнаас мэдээлж байв.