Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Улаангом хот дахь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Мянгадын 10 МВт-ын нарны станц ашиглалтад орсонтой холбогдуулан импортын эрчим хүчний хэмжээ буурсан. Гэвч цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрчимтэй өсөлт болон хагас жилийн байдлаар цахилгаан эрчим хүчний үнэ тариф нь өртгөөсөө 147.7 төг/кВт.ц-аар доогуур байгаатай холбогдуулан ОХУ-аас импортоор авч буй валютын ханшны алдагдал нэмэгдэж, 5.1 тэрбум төгрөгийн импортийн эрчим хүчний өглөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй ажиллаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар танилцуулжээ. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байна. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт, их засвар, ТЗБАХ-г хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт танилцууллаа.
Тус компанийн зүгээс 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахад тулгамдаж буй асуудлуудаа Эрчим хүчний яаманд уламжилж, холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Ажлын хэсэг үргэлжлүүлэн 2023 оны 08 дугаар сарын 01-нд Ховд аймагт ажиллаж “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд дулааны станц” ТӨХК-иудын өвөлжилтийн бэлтгэл ажил, Ховд дулааны станцын өргөтгөлийн төсөл, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажилтай газар дээр нь танилцан, ажиллаж байна.