2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг өчигдрөөс цахимаар буюу “E-Mongolia” системээр бүртгэж эхэллээ. Бүртгэлийг энэ сарын 20-ныг дуустал явуулах аж. Цахим систем нь тухайн хүүхдийн хаягийн мэдээлэлд тулгуурлан, хамран сургах тойргийнх нь цэцэрлэгт автоматаар хуваарилах юм байна. “E-Mongolia” системээр бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт энэ сарын 7-ноос хойш биечлэн очиж бүртгүүлж болох аж. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд үүнд бүртгүүлэх боломжтой. Нийслэлийн хэмжээнд өдгөө цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд бүртгэлтэй байгаа гэнэ. Тэднээс 33 142 нь хоёр настай юм байна.
Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулах зорилтыг албаныхан тавьж байв. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л цэцэрлэгт хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын дагуу ажиллаж буйгаа албаныхан мэдэгдсэн байна.
Улс, нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар өдгөө Улаанбаатарт 115 сургууль, цэцэрлэг барьж буй гэнэ. Эдгээрээс наймыг нь ирэх сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна 13 цэцэрлэгийг энэ онд багтаан барьж дуусгах аж.
Бэлтгэсэн: М.Оч