Гадаадын залуу судлаачдад монгол ахуй, соёлын орчинд хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулж, хойч үеийн монголч эрдэмтдийг бэлтгэх зорилготой Залуу монгол судлаачдын зуны сургууль өчигдөр эхэллээ.
Жил бүр зохион байгуулдаг тус зуны сургуульд энэ удаа ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг монгол судлалаар тэргүүлэх орны 30 залуу эрдэмтэн оролцож байгаа аж. Судлаачид нүүдлийн соёл иргэншлийн уламжлал, өнөөгийн байдалтай биеэр танилцахаас гадна монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний эрдэмтэн, багш нарын лекцэд хамрагдах юм.
Энэ оны зуны сургуулийн онцлог үйл явдал бол залуу монгол судлаачдад зориулсан тусгай салбар хуралдаан зохион байгуулж, тэдэнд судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг хуваалцаж, илтгэл хэлэлцүүлэх боломж бүрдүүлсэн байна. Уг сургуулийн үйл ажиллагаа 14 хоног үргэлжилнэ.
Залуу монголч эрдэмтний зуны сургуулийг 1989 онд анх эхэлжээ. Гэсэн ч хэсэг хугацаанд завсарлаж, 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.
Бэлтгэсэн: Д.Хүслэн