Баруун таван аймгийн эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг танилцаж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, хариуцсан албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгчээ. Дээрх ажлын хэсэг Завхан, Увс аймагт долдугаар сарын 30-31-нд ажиллаж, БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “10 аймагт дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажил, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа сум, суурин газрын цахилгаан хангамж, шугам сүлжээ, дэд станцыг шинэчлэх төслийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар тодруулжээ. Тухайлбал, Завханы Отгон, Цагаанхайрхан, Тосонцэнгэл сумд “Дооно ойгон” ХХК-ийн гүйцэтгэж буй төслийн барилга угсралтын ажлын явцтай танилцсан байна. Мөн Увсын Зүүнхангай сумд “Оточ-Эрчим” ХХК-ийн гүйцэтгэж байгаа төслийн барилга угсралтын ажлын явцыг тодруулж, үүнийг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компаниудад өгөв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал