Нийслэлд борлуулж буй өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Алтан тариа” компанийн савласан, дээд зэргийн гурил кг нь 3500, нэгдүгээрх нь 2390, “Атар” талх 2500 төгрөгийн үнэтэй байсан аж. Энэ нь 2022 оны долдугаар сарын мөн үеийнхээс дээд, нэгдүгээр зэргийн гурил кг тутамдаа 1000, “Атар” талх 800 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн болсныг статистикаас харж болно. Нэг литрээр савласан “Шинэ сүү”-г 4500 төгрөгөөр зарсан нь жилд 900, 0.5 литрийнхийг нь 2300 төгрөгөөр борлуулж байгаа нь 600-гаар нэмэгдсэн дүн болохыг ҮСХ-ны тайланд мөн дурдав. Түүнчлэн өнгөрсөн жилийн долдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн цул махны үнэ кг тутамдаа 6000-гаар өсөн 21 000, ястай нь 5000-гаар нэмэгдэн 18 000, хонины махны ханш ч 3000-4000 төгрөгөөр ахин 15 000 төгрөгт хүрчээ. Үүнээс гадна өндөг, тараг, хар талхны үнэ жилд ширхэг, литр тутамдаа 100-400 төгрөгөөр өссөн байна.