“Монголын нууц товчоо”-ны англи хэлээрх шинэ орчуулгыг хэвлэжээ. Уг бүтээлийг есдүгээр сарын 26-наас Amazon.com сайтаар худалдаж эхлэх юм байна. Тодруулбал, Пеннсильванийн их сургуулийн Зүүн Азийн хэл ба соёл иргэншлийн тэнхимийн профессор, МУИС-ийн хүндэт доктор, монголч эрдэмтэн Кристофер Этвуд “Монголын нууц товчоо”-г англи хэлээр орчуулан, Америкийн “Penguin books” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй аж. Монголч эрдэмтэн К.Этвуд өмнө нь “Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum Decades, 1911- 1931” хэмээх нэртэй, ар монголчууд өвөр монголчуудыг тусгаар улсдаа нэгтгэхээр тэмцсэн түүхийг өгүүлсэн ном бүтээж байв. Мөн “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь бичиг” зэрэг бүтээл гаргажээ. “Penguin books” хэвлэлийн газар нь дэлхийн шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдгээрээ алдартай. “Монголын нууц товчоо”-г дэлхийн олон хэлээр хэвлэсэн байдаг. Энэ удаагийн англи хэлээрх шинэ орчуулгын бүтээл нь судлаач, эрдэмтдээс гадна олон нийтэд зориулсан гэдгээрээ онцлог аж.
Бэлтгэсэн: Д.Хүслэн